Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үе тэнгийнхэнтэй нь сургах орчныг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, Боловсролын ерөнхий газар, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах эрхийг хэрхэн ханган асуудлаар зөвлөлдлөө.
Манай улсад 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны 11 835 хүүхэд байна. Үүнээс хөдөлгөөний бэрхшээлтэй 2,422, харааны бэрхшээлтэй 1,087, хэл ярианы бэрхшээлтэй 825, сонсголын бэрхшээлтэй 644, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 2,263, хавсарсан 1,152, бусад бэрхшээлтэй 3,3442 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны тусгай хэрэгцээтэй 1629 хүүхдийн 63 хувь нь, 6-17 насны 8873 хүүхдийн 70.7 хувь нь боловсролын үйлчилгээ авч байна.
Цэцэрлэгт
хамрагдаж буй хүүхдийн 70 хувь, сургуульд хамрагдаж буй хүүхдийн 73 хувь нь
ердийн цэцэрлэг, сургуульд суралцаж байна. Их, дээд сургуулийн тухайд тусгай
хэрэгцээт 400 оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 777 суралцагч
суралцаж байна. Харин сургуулийн насны 1800 орчим хүүхэд боловсролын үйлчилгээг
авч чадахгүй байгаа юм.
Эдгээр
хүүхдэд боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлээр салбарын яамнаас Боловсролын багц хуульд тодорхой заалтыг тусгаж, сургалтыг
орчныг сайжруулах, тусгай хэрэгцээт боловсролын багш, боловсон хүчнийг бэлтгэх,
энгийн хүүхдүүд, үе тэнгийнхэнтэй нь сургах орчныг бүрдүүлэх, олон нийтийн
мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг ажлыг хийж байна.
“Сурах эрх” зөвлөлдөх уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын Ерөнхий газрын дарга, ЖАЙКА олон улсын байгууллага, тусгай хэрэгцээт боловсролын багш, удирдлага, эцэг эх, оюутан, сурагч, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.