Боловсролын багц хуулиудад насан туршдаа суралцах эрх зүйн орчныг шинээр томьёолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-13 09:34:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газраас “Насан туршийн боловсролын бодлого, үйл ажиллагааны чиглэл” сэдвээр цахим уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтад аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвийн 70 гаруй удирдах ажилтан, багш ажилтны төлөөлөл оролцов.

 

Насан туршийн боловсролоос насан туршийн суралцахуй руу” шилжиж байгаа олон улсын чиг хандлага, шинэ парадигм, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, хууль эрх зүйн баримт бичигт туссан Насан туршийн боловсролын талаарх зорилго, үйл ажиллагаа болон Боловсролын багц хуулиудад тусаж буй эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцлоо.

 

Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Боловсролын багц хуулиудад Насан туршийн суралцахуйг илүү өргөн хүрээнд томъёолж, салбар дундын түншлэлийн хүрээнд зохицуулахаар тусгаж байна.

• ...насан туршдаа суралцахуйн байгууллага нь төрийн, орон нутгийн болон хувийн өмчид суурилсан хуулийн этгээд байж болох...

• ...насан туршдаа суралцахуйн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөлтэй байх... Зөвлөл нь бүх салбарын төлөөллөөс бүрдэх...

• ...насан туршдаа суралцахуйг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий орон нутгийн төвтэй байх бөгөөд төвийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны урсгал зардлын санхүүжилтийг аймаг, дүүргийн Засаг дарга хариуцах...

• ...аймаг, дүүргийн насан туршдаа суралцахуйн төвийн дүрмийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батлах...

• ...иргэдийн насан туршдаа суралцах, хөгжих орчин нөхцлөөр хангах чиг үүргийг аймаг, дүүргийн Засаг дарга хүлээх...

• ...ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.9-д заасан үүргийг хэрэгжүүлэхэд аймаг, дүүргийн насан туршдаа суралцахуйн төвтэй хамтран ажиллах... зэргээр хуулийн төсөлд тусган хэлэлцүүлж байна.

Үүний зэрэгцээ иргэдийн албан бус боловсрол болон амьдралын орчноос суралцах боловсролоор эзэмшсэн мэдлэг, чадвар, чадамжийг хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах ажлыг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгаж байна гэж БШУЯ мэдээлэв.



Холбоотой мэдээ