"Цайрт минерал" компани 3000 гаруй мод суулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-16 10:18:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Цайрт минерал" компани "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, энэ хаврын эхний тарилтаар улиас, хайлаас зэрэг 3000 гаруй модыг компанийнхаа хашаанд суулгалаа. Мод тарих ажилд компанийн 350 ажилтан хамрагдсан бөгөөд тэд арван жилийн хугацаанд 100 мянган мод тарихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 17 мянган ширхэг мод тарьж, усалгаа арчилгааг ажилчид маань өөрсдөө хийсээр ирсэн. Модны ургалт ч сайн байгаа. Харин манай хамт олон энэ жилээс өнгөрсөн хугацаанд тарьсан модоо бараг нэг жилийн дотор тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин ажиллаж буй нэг илрэл юм. Нөгөө талаар энэ жил манай компани олон улсын байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр ажлууд маань хоорондоо уялдаа холбоотой гэж ойлгож болно гэж "Цайрт минерал" компанийн гүйцэтгэх захирал С.Батхүү ярилаа.

Тус хамт олон үндсэн ийнхүү үйл ажиллагаанаасаа гадна хүнсний ногоо тариалалт болон мод тарих зэрэг ахуйн ажлаараа бусад уул уурхайн компаниудад туршлага болохуйц байж, орон нутагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй билээ.

 

Холбоотой мэдээ