Н.Эрдэнэ-Очир: Дэлхийн аялал жуулчлалын сүлжээнд оруулах бодлогыг барьж ажиллах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-16 13:33:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Eрөнхийлөгчийн санаачилгаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Төрийн тахилгат Ноён Уулын түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус хурал дээр Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир “Ноён уулын археологийн олдвор” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.


-Эрдэмтэн мэргэдүүд чуулсан, олон сонирхолтой илтгэл хэлэлцсэн хурал болж байна. Таны хувьд оролцож буй гол зорилго тань юу вэ?

-Энд маш чухал хурал болж байна. Угсаатны зүй, түүхч, шашин судлаач, археологич гээд олон салбарын хүмүүс хамрагдаад чухал асуудлыг хөндөн ярилцлаа. Ер нь бол Ноён уулыг ямар байдлаар тахих вэ гэдэг дээр гол санаа, зөвлөмж гарах ёстой. Бидний хувьд ноён уулын бүс нутаг, сумдын ард иргэдэд ноён уулын дурсгалаас илэрсэн археологийн олдворууд, судалгааг зөв зүйтэй танилцуулах, үнэн бодит мэдээллийг өгөх. Мөн энэ тахилгатай холбоотой археологийн ямар судалгаанууд байж болох вэ гэсэн чиглэлээр дэм болох зорилгоор оролцож байна.

-Та өөрөө энэ олдворыг олж ирүүлэхэд гар бие оролцож байсан гэж сонссон. Энэ талаараа тодруулж өгөөч?

-Миний хувьд 10 жил Ноён ууланд оросуудтай хамтарч судалгаа хийсэн. Ноён уул археологийн дурсгалд маш чухал том байр суурийг эзэлдэг. Монгол нутагт байгаа Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалаас хамгийн анх малталт хийсэн газар бол Ноён уул. 1924 онд Оросын нэрт аялагч П.К.Козлов гэдэг хүн анх энд Ноён уулын булшийг малтсанаар хүннүгийн археологийн дурсгалыг нээсэн. Энэ нь тухайн 20-р зууны үед дэлхийн археологийн том нээлтийн нэг болж байсан юм. Өнөөдрийг хүртэл Ноён уулын Хүннүгийн дурсгал маань ач холбогдлоо алдаагүй явж байна. 1998 онд улсын хамгаалалтад авсан. 2012 онд Хүннүгийн дурсгалын хилийн бүсийг тогтоож, Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор хамгаалалтын бүсийг баталгаажуулсан байгаа. 2014 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн. Ингээд 2020 онд дархан цаазат, 2021 онд төрийн тахилгатай болгоод явж байна.

-Танай хүрээлэнгийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ямар ажил, судалгаа байна. Хийж байгаа зүйлээсээ сонирхуулахгүй юу?

-Манай хүрээлэнгийн хувьд 2021-2022 онд ЮНЕСКО-гийн оролцооны хөтөлбөрт шалгарч Монголд байгаа хүннүгийн язгууртны томоохон дурсгалуудыг кластр маягаар ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлыг хийгээд явж байна. Тэгэхээр удахгүй ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдэх болно. Иймээс хамгаалалтын захиргаа цаашдын төлөвлөгөөнүүдээ гаргаад явах байх. Үүний нэг хэсэг нь энэхүү тахилга, зан үйл байх нь тодорхой. Бидний хувьд ингэж төрийн хамгаалалтад ороод дархан цаазат, төрийн тахилгатай болж буйд маш их баяртай байгаа.

Цааш цаашдаа хүннүгийн маань булш бунхныг тонож сүйтгэчих гээд байхгүй, байнгын харуул хамгаалалттай боллоо. Энэ бол маш сайн зүйл. Одоо цаашаа бид бүхэн юу хийх вэ гэхээр. Энэ гайхамшигтай Хүннүгийн эхэс язгууртнуудыг оршуулсан булш бунхнууд байна. 18 м-ийн гүнд, 6 давхар байшинтэй тэнцэхүйц гүнд оршуулсан нүсэр их оршуулгын зохион байгуулалтууд байдаг. Мөн тэдгээрээс зарим нэгийг нь ил үзмэр болгоод тэр орчинд цогцолбор судалгааны төв байгуулах нь зөв юм хэмээн үзэж байгаа. Энд төвөөсөө 200-300 км радиус дотор бүхий л төрлийн шинжлэх ухааны судалгаанууд явагдахаар. Тухайлбал патоник, биологи, археологи, түүх угсаатан гээд. Ийм судалгааны төв байх нь зүйтэй юм байна. Нөгөө талаар БНХАУ-д жилд хэдэн сая жуулчин очиж үздэг ийм гайхамшигтай археологийн дурсгал байдаг. Тэнд археологийн малтлага нь давхар явж байдаг. Энэ нь өөрөө тэр археологийн цогцолборыг амь оруулж байдаг юм. Яг түүнтэй адилхан Хүннүгийн Шаньюигийн оршуулгын байгууламж, бунхныг үзэхийг хүссэн сонирхол дагуулсан дэлхийн аялал жуулчлалын сүлжээнд оруулах бодлогыг барьж ажиллавал зүгээр. Нэгэн цаг үед амьдарч байсан ард түмэн. Иймээс Хятадад ийм байдаг юм байна. Монголд байгаа Хүннүчүүдийн булш бунхан гэж юу байдаг юм байна. Хэн ч гэсэн ирээд тэр 6 давхар байшинтай тэнцэхүйц газрын гүн рүү пирамид хэлбэрээр орсон нүсэр байгууламжийг үзнэ гэдэг үнэхээрийн гайхамшиг. Энэ бол зүгээр нэг жижиг зүйл биш. Буу алдахаар хэмжээний, магадгүй дэлхийн 7 гайхамшиг. Ядаж л Азийн 9 гайхамшгийн нэгд орохоор хэмжээний нүсэр оршуулгын дурсгал байдаг. Одоогийн байдлаар 22 м-ээс доош гүн язгууртны оршуулгын булш илэрсэн тохиолдол байхгүй байгаа. Ядаж Монголын бүс нутгийн хэмжээнд байхгүй байгаа. Тэгэхээр энэ бол гайхамшиг. Иймээс үүнийг олон нийтэд зориулсан байдлаар ашиглавал илүү үр дүнтэй. Ийм учраас бид Хан-Хэнтийн дархан цаазтай газарт санал өгсөн байгаа.

-Хан-Хэнтийн дархан цаазтай газар танай саналыг хүлээж авах юм бол тэнд ямар зохион байгуулалт хийх бол. Танай зүгээс ямар санал тавьсан бэ?

-Одоо энэ дархан цаазтай газар маань хилийн бүсээ дотор нь ангилах ёстой. Тухайлбал онгон бүс, хязгаарлалтын бүс гэх мэтээр. Тэгэхээр бид энэ хүннүгийн дурсгалыг хязгаарлалтын бүсэд оруулах саналтай байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ судалгаа цаашаа үргэлжлэх учраас. Энэ өөрөө Монголыг дэлхийд таниулах нүүр царай болсоор байна. Эндээс гарч байгаа олдворууд, нөгөө Козловын олдворуудаас дутахааргүй үнэ цэнтэй байна. Үнэхээрийн гайхамшигтай юм байна. Энэ нь аялал жуулчлал, Монгол орныг олон оронд сурталчлах маш том зүйл байх болно. Хэрвээ онгон бүсэд оруулчвал нөгөө дурсгалаа малтаж болохгүй. Дээгүүр нь хүн явж болохгүй болно. Тиймээс хязгаарлалтын бүсэд байгаад энэ нь өөрөө Монголын нэрийг гаргах археологийн дурсгал байх ёстой гэж үзэж байгаа.

-Ер нь энэ Ноён уулаас хэчнээн, ямар олдворууд олдсон, одоо хаана хадгалагдаж байдаг вэ. Монголдоо байгаа юу?

-1924-1925 оны Козловын малтлагын үеэр 2000 гаруй эд зүйлс илэрч олдсон байдаг. Түүний 400 орчим нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж, үзмэрт тавигдаж байна. 1700 орчим эд өлгийн зүйлс ОХУ-ын Эрмитажид Монголын нэрийг гаргаад, дэлхийн олон сая жуулчны сонирхлыг татаад байж байгаа. 2005-2015 оны сүүлийн судалгаагаар 4 язгууртны булш, 4 дагуул булшийг малтаж судалсан. Эндээс 1200 орчим археологийн олдвор илэрсэн. Үүний ихэнх нь органик олдворууд байгаа. Маш гоё хивс, нэхмэл эдлэлүүд илэрч олдсон. Харамсалтай нь тонуулчид тухайн үед хөндөөд, битүүмж алдагдаад, булш бунхан цөмрөөд, эмх замбараагүй болоод мөн хагас цэвдэг нөлөөлсөн. Түүнчлэн дэлхийн дулаарал хүртэл энд нөлөөлж байгаа. Тухайн үед оршуулгад тавьсан хивс, нэхмэл эдлэл органик гаралтай олдворууд маш муу хадгалалттай илэрч олддог. Энэ бүхнийг бид оросын нарийн мэргэжлийн судлаачидтай хамтарч хоёр жилийн турш, зөвхөн нэг булшнаас илэрсэн олдворуудыг сэргээн засварласан. Үндсэндээ сүүлийн 10 жилийн судалгааны олдворууд сэргээн засварлагдаад ирсэн. Энэ ажил маш удаан хугацаанд үргэлжилсэн.

-Энэ олдворуудыг нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой юу. Энэ талаар ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Бид бүхэн 2021 онд Соёлын яамтай хамтарч Хүннүгийн археологийн шинэ судалгаа гэсэн төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд сүүлийн 10 жилд хийсэн судалгааны үр дүнг олон нийтэд анх удаа дэлгэн толилуулж байгаа. Монголын Үндэсний музейд одоо 5 дахь сардаа Ноён уулын үзэсгэлэн гарч байна. Одоо 6 дугаар сарын 20-д гээд үзэсгэлэн бууна. Иймээс үзэгч олон нийтийг амжиж энэ гайхамшигтай үзэсгэлэнг үзээсэй. Монголд олон удаа ингэж гарахгүй байх. Цаашдаа магадгүй олон улс энэ үзэсгэлэнг гаргах санал тавьж байгаа. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бүтээл маань хэвлэгдсэн. Энд хамгийн сүүлийн үеийн үр дүнгүүдийн талаар хэвлэн нийтэлсэн. Мөн энэ ажлын хүрээнд 20 минутын баримтат кино ч хийсэн. Зарим нэг бэлэг дурсгал, сувинер бас хийсэн байгаа. Цаашаа олон чухал ажил хийхээр төлөвлөөд байгаа.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ