Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аж ахуй эрхлэгчид, тариаланч, ногоочидтой уулзаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-16 12:00:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-н УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.


Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмжийн аж ахуй болон шувууны аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн өнөөдөр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь хаврын тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзана.


Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг импортоор авч байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт болж байгаа юм.


Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч хаврын тариалалтын эхэн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудалд УИХ, Засгийн газар онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг сануулсан билээ.

Холбоотой мэдээ