"Шувуут нуур"-ын арал дээр мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-05-16 16:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын худалдаа логистикийн төв ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.


Тус компани нь 2024 он хүртэл 10 мянган мод тарихаар төлөвлөөд байна. Өнгөрсөн онд Авто худалдааны цогцолборт 2000 мод тарьсан бол энэ жил 3500 мод тарив. Ингэхдээ манай улсад хамгийн сайн ургадаг хайлаас 3000, шар хуайс 250, гүйлс 300, монос 50 ширхэгийг тарьжээ. Моднуудын онцлогоос хамаарч 3 хэсэгт хуваан суулгасан бөгөөд Шувуут нуурын арал дээр аврах завиар очиж, мод тарьсан юм.


Мод тарихад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Онцгой байдлын алба, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 195 дугаар цэцэрлэг, “Нэт капитал” ББСБ, “Шунхлай” ШТС, авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, түрээслэгчид оролцлоо.


Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийг “Авто худалдааны цогцолбор” нэрээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн  хүрээнд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор нийслэл хот доторх автомашин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг зах, цэгүүдийг нэгтгэн нүүлгэхээр заасан. Энэ ажлыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцах бөгөөд НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны  тогтоолоор Олон улсын худалдаа логистикийн төв ХК болгон  өөрчилжээ.



Улаанбаатар хотоос гарах баруун цэг 22-ын авто товчооны орчим, Авто худалдааны цогцолбор /Олон улсын логистик худалдааны төв/-ийн эзэмшлийн газарт нуур үүсэж усны шувууд ирдэг болоод хэдэн жил болж байна. Энэ хэсэгт 2004 онд карьерийн зөвшөөрөл олгож их хэмжээний талбайг эзэлж байсныг 2007 онд зогсоожээ. Гэтэл газрын гүнээс ус ундарч одоогоор 17 га талбай бүхий том хэмжээний нуур үүсэж шувуудаас гадна планктон, алгана, хэлтэг, сахалт эрээлж, шаамий зэрэг загас, хэд хэдэн төрлийн замаг нууранд байгааг тогтоогоод зогсохгүй судалгаа үргэлжилж байна. Зэгс, бургас бүхий жижигхэн арлууд ч нуурын дунд үүсжээ. Нуур орчмын газар нь уулын хээрийн бүсээс нугын хэв шинжтэй болж 57 төрөл зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. Нуурын усыг Усны газраас шинжлэхэд цэвэр цэнгэг, унданд хэрэглэж болох дүгнэлт гаргажээ. НЗДТГ-аас нуурыг түшиглэн амралт чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэг мод үржүүлэг бүхий “Шувуут нуур” цогцолбор бий болгохоор төлөвлөөд байгаа. 

 

Нууранд хун, галуу, нугас, ангир, цахлай зэрэг 42 овгийн 204 зүйлийн шувуу байгааг “Сараана” байгаль хамгаалах сан, шувуу судлаач мэргэжилтнүүд тогтоожээ. Нуурыг 102 зүйлийн нүүдлийн шувууд дайрч өнгөрдөг, 44 зүйл шувууд өндөглөж зусдаг, 33 зүйл шувуу суурин, 13 төрлийн шувууд тогтмол энд өвөлждөг аж.

 

 

Холбоотой мэдээ