Политехник коллежийн дотуур байрны сурагчдын амьдрах орчныг сайжруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-17 15:13:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Политехник коллежийн багш нар эцэг, эхийн оролцоотойгоор оюутнуудынхаа дотуур байранд амьдрах нөхцөлийг сайжруулжээ.

Тус сургуульд 508 оюутан суралцдаг бөгөөд түүнээс 56 нь дотуур байранд амьдардаг. Тус сургуулийн барилга 2016 онд ашиглалтад орсон хэдий ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд сургуулийн дотуур байрыг тусгаарлах байр, эмнэлгийн зориулалтаар ашигласан учраас элэгдэж, орчин нөхцөл, тохижилт муудсан байна.

Тиймээс Политехник коллеж хамт олныхоо дунд суралцагсдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан тав тухтай амьдрах, сурч, хөгжих орчныг бий болгох зорилгоор “Дотуур байр-миний гэр” аяныг нэг сарын хугацаанд өрнүүлжээ.

Сургуулийн дотуур байрны хүүхдүүд 16 тасагт амьдардаг. Тиймээс багш ажилтнууд 16 баг болж, хүүхдүүдээсээ хэрэгцээний судалгаа авсны үндсэн дээр өөрсдийн болон эцэг, эхийн хандив, оюутнуудын өөрсдийнх нь оролцоотойгоор бүх тасгийг засварлан тохижуулаад байна.


Энэ талаар коллежийн нийгмийн ажилтан С.Нандинтуяагаас тодруулахад “тохижилтод нийтлэг шалгуур гаргасны үндсэн дээр нэг тасгийг 220,0-800,0 мянган төгрөгөөр тохижуулсан, зарим эцэг, эхчүүд идэвхтэй оролцсон, аянд сэтгэл зүрхээрээ нэгдсэн сургуулийн нийт багш, ажилтнууд, дэмжлэг үзүүлсэн эцэг эх, асран хамгаалагчид, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” гэлээ. 



Холбоотой мэдээ