Нисэх загвар зохион бүтээгчдийн уралдаан боллоо

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-05-17 19:14:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Чөлөөт нислэгийн Схематик планерийн Баянхонгор аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулж, 100 тамирчин сурагч, багш, насанд хүрэгч өрсөлдсөн байна.

Планер гэдэг нь гадны хүчний үйлчлэлээр агаар мандалд хөөргөсний дараа өөрөө тодорхой хугацаанд бие даан нислэг үйлдэн газарддаг нисэх онгоцны загвар юм. Планер нь овор хэмжээ, хэлбэр хийц, зориулалтаараа олон төрөл байдаг.  Нисэх загвар зохион бүтээх нь шинжлэх ухааны мэдлэг, тооцоолол, туршилт хийх чадварыг ихээхэн шаарддаг бөгөөд тэмцээнийг Баянхонгор аймгийн  Боловсрол шинжэх ухааны газар 2015 оноос эхлэн зохион байгуулжээ.

Тус тэмцээнд оролцож байгаа загвар нь спортын төрөл бөгөөд секундыг оноо болгож өрсөлддөг. Жишээ нь, 57 секунд ниссэн бол 57 оноотой болох бөгөөд гарааны онооны нийлбэрээр хамгийн өндөр оноотой нь тэмцээнд түрүүлнэ.

Тэмцээнд Баянхонгор аймгаас 68, Өвөрхангай аймгаас 30, Улаанбаатар хотоос хоёр тамирчин ирж оролцсон байна. Гарааны 10 цэгт албан ёсны 10 шүүгчийг ажиллуулсан бөгөөд оролцогч тамирчид хөндлөнгийн хяналтыг давхар хийжээ. Ихэнх загварыг карбон материал оруулж хийснээр хийцийн хувьд нэлээд дэвшилт гарсныг зохион байгуулагчид хэлж байна.

Мөн цаашид баруун бүсийн хэмжээнд хамтран сургалт сурталчилгаа, уралдаан тэмцээн зохион байгуулж хамтран хөгжих талаар анхааран ажиллахаа онцолж байлаа. 

Тэмцээний ивээн тэтгэгчээр Монгол Улсын Гавьяат багш, чөлөөт нислэгийн спортын мастер Ж.Энхбаяр гэр бүлийн хамт, Баянхонгор аймгийн Залуу техничдын  ордны  захирал, АБТА А.Даваасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд оролцсон байна. 

Холбоотой мэдээ