Алтайнхан 31 дэх удаагийн номын баяраа М.Жанчив баатрын талбайд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-19 11:39:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтайнхан “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” үйл ажиллагааг тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд М.Жанчив баатрын талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, ‘’Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд, залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” үйл ажиллагааг аймгийн хэмжээнд энэ өдрүүдэд зохион байгуулна.

Уг номын баярын үеэр ховор ном, судрын үзэсгэлэн, шинэ номын худалдаа, номын худалдаа эрхэлдэг хувь хүн, албан байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж олон нийтэд үйлчлэх ажээ. Тодруулбал, 

-Уран бийр уралдаанд ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэн 

-Соёлын өртөөчилсөн аялал 

-Номын плаш моб 

-Тэргүүний уншигч хүүхдүүдийн бүтээл 

-Номын тэмдэглэлийн үзэсгэлэн

-Ховор номын худалдаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм. Нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайд эхлэх бөгөөд мөн үеэр урлаг, соёлын ажилтнууд дуу хуурын мэндчилгээ дэвшүүлж, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд үлгэрийн баатруудыг амилуулна хэмээн тус аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ. Иймд хүүхэд залуус, иргэд та бүхнийг УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 31 дэх удаагийн номын баяртаа идэвхтэй оролцоно уу хэмээн зохион байгуулагчид уриалав.


Холбоотой мэдээ