Номын баярын сайн дурын ажилд 100 гаруй хүүхэд оролцоно

Монголын мэдээ | Боловсрол
montastudio@montsame.gov.mn
2022-05-19 17:35:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баярын сайн дурын ажилд 100 гаруй хүүхэд ажиллах бөгөөд “Номын соёлт ертөнц” клубын 50 орчим хүүхэд оролцох юм.

Номын баяраар ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд, багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Түүнчлэн номын баярт Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал болон тус улсын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож бэстселлер болсон ном зохиолуудаа танилцуулах юм байна.

ОХУ-ын Утга зохиол, орчуулгын хүрээлэнгийн Олон Улсын хөтөлбөрийн зохицуулагч, Антропологич Игорь Сид: Монгол Улсын Үндэсний номын баярт оролцохоор ОХУ-аас бэстселлер болсон номын зохиогчид болон хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирээд байна. Номын зохиогчид монголчуудад төрөлх хэлээрээ болон Монгол хэлнээ хөрвүүлэн орчуулсан ном,  бүтээлээ танилцуулах юм. Зарим зохиолчид энэ арга хэмжээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд туршлага солилцох, монгол зохиолчдын ном, бүтээлтэй танилцах, номын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс эхлээд маш олон хөтөлбөрүүд биднийг хүлээж байна. 


Номын соёлт ертөнц” клубын Нарийн бичгийн дарга Ш.Нарангарав: Номын соёлт ертөнц” клубын хүүхдүүд Үндэсний номын баярын зохион байгуулалт буюу арын албанд ажилласаар ирсэн. Энэ удаа бид 100 гаруй сурагчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар бэлэн болоод байна. Ном уншдаг хүүхдүүд бусдаас илүү санаачилгатай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддагаараа онцлогтой. Номын баяр нь хүмүүсийг ялангуяа хүүхэд, залуусыг номд дуртай болгоход маш том хувь нэмэр оруулж байгаа. Манай клуб номд дуртай, бүтээлч, санаачилгатай хүүхдүүдээр хүрээгээ тэлж байна. “Номын соёлт ертөнц” клубт элсэхийн тулд хүүхдүүд их хичээдэг болсон. Ном уншиж бусадтайгаа хуваалцахаас эхлээд маш олон арга хэмжээ, эвентүүд болдог учир хүүхдүүд манай клубт элсэхийг хүсдэг. Хэдийгээр номын баярын арын албаны ажил амаргүй ч клубын багш нар болон хүүхдүүд хамаг хүч, сэтгэлээ зориулан ажилладаг. Энэ утгаараа бид улс орондоо тодорхой хэмжээний ач тусаа хүргэж байна гэж ойлгодог. 31 дэх номын баярт орон нутгаас хүүхдүүд ирж сайн дурын ажилд оролцож байгаагаараа онцлогтой юм.



Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч З.Мөнх-Өлзий: Анх би Сүхбаатарын талбайд болж буй Номын баярыг ирж үзээд ямар гоё арга хэмжээ вэ гэж бодож байлаа. Тухайн үед хөндлөнгөөс харж байсан бол энэ удаа би арын албанд ажиллахаар нутгаасаа томилолт аваад оролцох гэж байна. Албан ёсоор Аймгийн удирдлагууд болон сургуулийн багш нар болон аав, ээжээсээ зөвшөөрөл аваад ирсэн. Өмнө нь аймагтаа болсон Номын баярын арга хэмжээний зохион байгуулалтын ажилд оролцож байсан бол өнөөдөр улсынхаа нийслэлд энэ том арга хэмжээний нэгэн гэрч болох гэж буйдаа маш их баяртай байна. Манай аав, ээж намайг нааш ирэхэд маш их дэмжсэн. Ээж маань надад дээл хүртэл хийж өгсөн. Наашаа ирэхийн өмнө догдлоод нойр хүрэхгүй байсан. Аав багаас минь үлгэр уншиж өгдөг байсан нь номд дуртай болох суурийг тавьж өгсөн. Мөн багш маань номтой нөхөрлөх нь эд мөнгөнөөс илүү үнэтэй зүйл гэдгийг сургасан нь “Номын соёлт ертөнц” клубтэй нэгдэх эхлэл байж хэмээн бэлэгшээдэг. Ном уншдаг хүүхэд илүү их ухаажиж хэрсүү болдог, аливаад олон ургальч үзлээр ханддаг, төлөвшдөг гээд сайн талууд их бий. Тиймээс хүүхдүүддээ захихад номтой нөхөрлөөрэй гэж хэлье дээ.

Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг номын баяр 2007 оноос хойш  тасралтгүй зохион байгуулагдсаар өдгөө 16 дахь  жилтэйгээ золгож байна. “Номын соёлт ертөнц” ТТБ-аас 31 дэх удаагийн "Үндэсний номын баяр"-ыг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд