Архангай аймгийн ХХҮГ хүүхдийн өрөө гарган тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-20 10:11:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө буюу хүүхдийн өрөөг байгууллагадаа гаргажээ.

Тус өрөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тохижуулж, байгуулсан өрөөнөөс санаа авчээ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авах иргэнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг үзүүлэхээс гадна үйлчлүүлэгч иргэдийн хүүхэд болон байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдүүд орж тоглох, хөгжих боломжтой аж. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд таатай орчныг бүрдүүлж, хүүхдээ хөхүүлэх, тоглуулах, хөгжих, ном унших, хичээлээ хийх боломжийг бий болгож, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тохижуулсан байна. Тохижуулахдаа тус байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс "Нэг ажилтан-нэг тоглоом" аяныг өрнүүлсэн байна. Хүүхдийн өрөө нь номын болон тоглоомын булантай. Булангуудад сэтгэхүй хөгжүүлэх, гар зүгшрүүлэх зураг, зурах, будах, монгол үндэсний тоглоомууд бий. Мөн эмийн сан, амралтын хэсэг, ногоон булан зэрэг хүүхдэд хэрэгтэй, тэднийг хөгжүүлэх бүхнийг энэ өрөөнд цогцлоожээ.

Үүнээс гадна аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллага хүүхдийн өрөө гаргаж тохижуулаад байна.

Холбоотой мэдээ