Номын баяраар үлгэрийн баатрууд амиллаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-05-20 14:04:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг, соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар улс орон даяар нэгэн зэрэг өрнөж буй 31 дэх удаагийн номын баяр Алтай хотноо нээлтээ хийлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, ‘’Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” үйл ажиллагааг аймгийн хэмжээнд энэ өдрүүдэд зохион байгуулна.

Номын баярын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн Засаг даргын орлогч, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Г.Чинбат, Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар болон холбогдох албаны төлөөллүүд оролцож үндэсний бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн өвийг арвижуулах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, иргэд болон ном идэвхтэй уншдаг сурагчдад шагнал гардуулав.

Номын баярын үеэр ховор ном, судрын үзэсгэлэн, шинэ номын худалдаа, номын худалдаа эрхэлдэг хувь хүн, албан байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж олон нийтэд үйлчилж байна. Энэ үеэр уран бийр уралдаанд ирсэн бүтээлүүдийн үзэсгэлэн, соёлын өртөөчилсөн аялал, номын плаш моб, номын тэмдэглэлийн үзэсгэлэн, ховор номын үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болсон бөгөөд хамгийн сонирхолтой нь Есөнбулаг сумын 11 цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд үлгэрийн баатруудыг амилуулсан юм. Долоон бор оготно, Манжин, Өнхрүүш, Цасангоо ба Долоон одой, Чоно ба Туулай, Хүн аалз, Хүчирхэг супермэн гээд олон дүрийг амилуулж олны хайрыг татлаа.

УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 31 дэх удаагийн номын баяр энэ сарын 22-ныг хүртэл Алтай хотноо үргэлжилнэ.