ТИКА-аас "Хөшөө цайдам" музейд дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 13:06:16

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас Түрэгийн үеийн соёлын өвийг дэлхий дахинд сурталчилах, хадгалж хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Хөшөө цайдам музейд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх болжээ.

Төслийн хүрээнд тус музейд ёслолын Монгол гэр, 40 тонын контейнерийн тусламж үзүүлэхээс гадна, “Билгэ хааны автозам”-ын самбарыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт энэ сарын 05-нд гарын үсэг зурах юм.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ болон БСШУСЯ-тай хамтран 1994 онд Түрэг хэл дээр бичигдсэн Билгэ хаан болон Күлтэгин жанжны хөшөө дурсгалыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зорилгоор Хөшөө цайдам музейг байгуулсан юм. 2006 онд ТИКА-гийн буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Хөшөө цайдам музей хүртэл 46 км хатуу хучилттай “Билгэ хааны автозам”-ыг барьж Монголын талд хүлээлгэн өгсөн байна.

Гарын үсэг зурах ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтчи, болон Хөшөө Цайдам музейн захирал Т.Нарангэрэл оролцох аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ