Японы тусламжийг хүндэтгэсэн хөшөөг босгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-20 17:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтод Швед улсын ачих буулгах авто өргөгч “Калмар” төхөөрөмжийг хөшөө болгон босгосон газар бий. Энэ нь Замын-Үүд өртөөнд үзүүлсэн Японы улсын тусламжийг хүндэтгэн ийнхүү босгожээ.

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн энэ ойн жилийн билэг тэмдэг нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж баййгуулсан Замын-Үүд боомт дахь төмөр замын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалт болж байна.




УБТЗ ХНН-ийн харьяа, Замын-Үүдийн өртөөн дэх Ачаа шилжүүлэн ачих байгууламж нь өнөөдөр өргөний царигийн 3, нарийн царигийн 2 замтай, хоногт 260 вагон ачааг ачиж, 332 вагон буулгах хүчин чадалтай, 195 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус байгууламжийг барьж байгуулсан анхны 1996 онд ачих анги нь 105.4 мянган тонн ачаа барааг буулган шилжүүлэн ачиж байсан бол 2018 онд энэ тоо хэмжээ 1194.8 мянган тонн болж, түүхэн амжилтад хүрч байсныг төмөр замчид хэлж байна. Мөн 2019 онд хамгийн их буюу 11.382. 767 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллажээ. 


Замын-Үүд дэх төмөр замын бүтээн байгуулалт нь Монгол-Японы хамтын ажиллагааны билэг тэмдэг болж иржээ.





Энэ оны 4 сарын байдлаар Замын-Үүдийн өртөөн дэх Ачаа шилжүүлэн ачих анги 242.8 мянган тонн ачааг шилжүүлэн ачаад байна. Энд 25-45 тонны даац бүхий, нэг чингэлгийг 5 давхарлан ачдаг, бүтээмж өндөр, Швед улсын “Калмар” болон БНХАУ-ын “Sany” фирмийн өргөгч автокран техник төхөөрөмжүүд ажиллаж байна. Эдгээр техникийг мөн л Япон улсын тусламжаар нийлүүлж байжээ.  Мөн ачаа шилжүүлэн ачих байгууламжийг ачаа буулгах, хүлээн авах талбай, ажлын контор, ажилчдын орон сууц, техник тоног төхөөрөмжийн хамт цогцоор шийдэн хүлээлгэн өгч байсан нь өдгөө бүрэн хүчин чадлаар ажиллаж байна.




Энэхүү төхөөрөмжөөр 120-иод вагон ачааг өдөрт нь ачиж буулгаж байснаа “Калмар”-ын анхны жолооч Э.Ган-Очир дурсан ярьж байлаа.




Япон улсын Засгийн газар, Японы ард түмнээс үзүүлсэн техник туслалцааг өнгөрсөн хугацаанд сайн ашиглан ажиллаж буй Замын-Үүд дэх Ачаа шилжүүлэн ачих ангийн хамт олонд Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Катанода Томоки Замын-Үүдэд ажиллаж танилцах үеэр талархалаа илэрхийлэв.

Төмөр замчдын ажилчдад зориулсан 60 айлын 5 орон сууцыг тухайн үед япон инженерүүд элсний хунгараас сэргийлж, салхины чиг зэргийг зөв тооцон байршлыг нарийн сонгон бариулж байсныг төмөр замчид дурсан ярьж байна.




Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ ХНН-ийн дарга асан, зөвлөх Р.Раш хэлэхдээ, “Замын-Үүдийн бүтээн байгуулалт нь Монгол-Японы хоёр орны хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны билэг тэмдэг болж ирсэн юм. Энэ үгийг би дамжуулж хэлж буй болохоос бус Япон улсаас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайдууд дээрх үгийг дурдаж байсан”-ыг тэрбээр тодотгож байлаа.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ