Хөрсөн бортогыг үйлдвэрлэлд нэвтрүүлж мод тарихад ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-20 20:16:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 сая мод тарихаар зорьж байна. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчид, СӨББ-ын хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэн хүүхэд бүр тарьц суулгац бэлтгэгч байх зорилтот ажлыг зохион байгуулж байна.

Үүний эхлэл болгож ЕБС-ийн Биологийн багш нарыг сургалтад хамруулж, мод тарих шинэ техник, технологийг танилцуулан, аргачлалыг зааж байна. Өнөөдрийн сургалтаар ХААИС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор Б.Долгормаа "Хөрсөн бортого хийх техник, тенхонолги" сэдвээр, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн жимс, жимсгэнэ, чимэглэлийн ургамал судлалын секторын эрхлэгч С.Баттөмөр "Модлог ургамлыг үржүүлэх арга технологи" сэдвээр онол, практик хосолсон сургалтыг хийв.

Хөрсөн бортогоны найрлагад хөрс, био нүүрс, гумат, эрдэс бордоо, барьцалдуулах бодис ордог аж. Тус бортогыг үйлдвэрлэх төхөөрөмжийг манай аймаг захиалсан байна. Тухайн төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өдөрт 2-3 мянган ширхэг бортого үйлдвэрлэж мод тарьж, ургуулахад шууд ашиглах боломжтой ажээ. Шинээр нэвтрүүлж буй уг экологийн цэвэр бүтээгдэхүүн нь эдийн засаг талаасаа ч үр өгөөжтэй аж. Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчид, СӨБ-ын хүүхэд бүр жилд таван ширхэг үрсэлгээ бэлтгэнэ. Тухайлбал ЕБС-ийн 23492 сурагч жилд нийт 117460 үрсэлгээ бэлтгэх юм. Сургалтыг БОАЖГ, БШУГ, Сум дундын ойн анги хамтран зохион байгууллаа.

Холбоотой мэдээ