Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-21 14:05:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022” үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор “Мишээл Экспо” төвд болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нийслэл хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.




24 дэх жилдээ болж буй энэ удаагийн үзэсгэлэнг Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ болон АПУ, Глобал Трейдинг Девелопмент ХХК ивээн тэтгэж Азийн сангийн "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв" дэмжин оролцож байна. "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв"-өөс бизнес эрхлэгч 20 эмэгтэй оролцож өөрсдийн боловсруулсан навчит цай зэрэг хүнсний органик бүтээгдэхүүн болон гар урлал, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын болон гэр ахуйн бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд:

  • “Мини Лаб-өөрсдөө бүтээе” төв Монголд үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээ,
  • “Тайгын шим” компани монгол үхрийн арьсаар үйлдвэрлэсэн, цэргийн, ажлын, алба хаагч нарт зориулсан гутлыг худалдаанд нийлүүлснээ танилцуулж байна.



  • BOJSS cosmetic” компани Монгол орны байгалийн баялаг, ургамал болон цэцэгсийн охийг судалж косметик бүтээгдэхүүнд нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцсэн шилдэг технологиор үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр оролцож байна. Тус компани арьс арчилгааны талаар зөвлөж, гарын бэлэгтэй худалдааг зохион байгуулж байна.


  • Өвөрхангай аймгаас оролцож буй “Өвөрхангайд үйлдвэрлэв төв” сүүн чихэр, шар сүүний хатаамал, ааруул зэрэг аймгийнхаа хүнсний брэнд бүтээгдэхүүн,
  • Үндэсний “MonKondi” брэнд хатуу, зөөлөн чихэр, шоколад,
  • Импортлогч “Хаппи Чойс” компани БНСУ-д үйлдвэрлэсэн цэвэрлэгээний Kangaroo брэндийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Эднийх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, албан ёсны эрхтэйгээр БНСУ-аас импортолж буй төрөл бүрийн зориулалттай цэвэрлэгээний бүтээгдэхүүнийн урамшуулалтай, хямдралтай худалдааг явуулж байна.





“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022” үзэсгэлэн худалдаа энэ сарын 22 буюу ням гарагийг дуустал, өглөө 11.00 цагаас 19.00 цаг хүртэл үргэлжилж байна.









Холбоотой мэдээ