БНХАУ-ын Гуанжоу, Хөх хот руу нислэг үйлддэг болно

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-25 12:43:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ирэх сарын 1-нээс эхлэн долоо хоногт нэг удаа БНХАУ-ын Гуанжоу, Хөх хот руу нислэг үйлддэг болохоор шийдвэрлэжээ.


Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэхдээ, "Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-нд хоёр улс нислэгээ түр зогсоосон. Улмаар өнгөрсөн хугацаанд хоёр тал хэлэцээ хийсний үндсэн дээр Шанхай, Бээжингээс бусад хот руу 7 хоногт нэг удаа шууд нислэг үйлдэх боломжтой гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Уг асуудлыг Засгийн газар өнөөдөр хэлэлцээд МИАТ компани Гуанжоу руу, Аэро Монголиа компани Хөх хот руу нислэг үйлддэг болохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын компаниуд, дараа долоо хоногт нь БНХАУ-ын компаниуд нислэг үйлдэнэ" гэлээ.


Энэ хүрээнд ГХЯ-наас БНХАУ-тай дипломат шугамаар хэлэлцээ хийж, коронавирусний халдвараас сэргийлэх журам, тусгаарлалтын горимыг тодорхойлж, ирэх сарын 1-нээс өмнө иргэдэд дэлгэрэнгүй мэдээлнэ гэдгийг мөн онцолсон юм.

Холбоотой мэдээ