Бизнест төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгах, үр нөлөөг дээшлүүлэх талаар ярилцав

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-25 15:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, МХЕГ, ОУСК хамтран “Бизнесийг дэжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар бизнесийг дэмжихэд мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй, дарамт бага зохион байгуулах тухай ярилцав. Тодруулбал, төрийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, оролцогч талууд шийдлийг хэлэлцэн, мэдээлэл авах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж байгаа аж.


ОУСК-ийн төслийн менежер Д.Жигжидмаа уулзалтын үеэр, “Хяналт шалгалтыг 26 хувиар багасгасан ч хэд хэдэн зүйлийг хэлэлцэх шаардлага байна. Өнгөрсөн 6 жилд МХЕГ-ын даргыг 8 удаа солилоо. Нийслэл, дүүрэг, аймаг, сумын мэргэжлийн хяналтын ойлголт зөрүүтэй, газар бүрд өөр байх юм. Хяналтын үйл ажиллагаа нэг стандарттай байлгах, бүтээгдэхүүнээ яаж хянах нь тухайн байцаагчийн үзэмж болчихоод байгааг жигдрүүлэх хэрэгтэй. Мөн төр, бизнесийн байгууллага, хэрэглэгч ямар эрсдэл даах вэ гэдэг талаар ярилцаж зохицуулах хэрэгтэй”-г хэллээ.



МХЕГ-т шаардлага тавихад шийдэж чаддаггүй. Наанадаж импортоор орж ирж байгаа төмөр арматур хэмжээ стандартад хүрэхээ больсныг “Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн ярьж байв. Тэрбээр, “Төмөр арматур 1мм-ээр бага байхад барилгын чанарт муугаар нөлөөлнө. Дэлхийн стандартад төмөр арматурыг метрээр зардаггүй, зөвхөн монголд л байна. Нэг тн арматураас 250 кг дутуу байх жишээтэй. Шаардлага тавьсан мэргэжилтнүүдэд хахууль өгөөд аргалдаг нь бодит үнэн” хэмээв.

Үүнд МХЕГ-ын дарга Б.Баасандорж хариулахдаа, -Барилгын салбарт газрын зөвшөөрөлгүйгээр барилга барьдаг, зохиогчийн зураггүй, зураг төсөлд тусгасан материалаа ашигладаггүй зэрэг олон бэрхшээл, асуудал бий. Энэ жил хийсэн шалгалтаар барилгын салбарын 380 компанийн үйл ажиллагааг зогсоогоод байна. ОХУ, БНХАУ-аас оруулж ирдэг төмөр арматурт өнгөрсөн онд хяналт шалгалт хийгээд талбайд ил задгай орхиж зэвэнд идэгдсэнээс эхлээд хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан 250 кг арматурыг устгасан байгаа” гэсэн юм.



Түүнчлэн, “Ноосон зангилаа” дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш энэ үеэр “Манай хоршоо багахан хэмжээгээр хонины ноос, эсгий бүтээгдэхүүн экспортолдог. Гэтэл МХЕГ-аас малын өвчтэй эсэхийг шалгасан бичгээ 7 хоногийн хугацаанд хүчинтэйгээр олгодог нь хүндрэлтэй. Малын ноосыг жилд 1 авдаг байхад хүнсний бүтээгдэхүүн шиг богино хугацаатай зөвшөөрөл өгдөг нь ажилд үнэхээр дарамттай байдаг. Эсгий бүтээгдэхүүнээ Япон улс руу гаргахад мөн 3 сарын хүчинтэй бичиг өгдөг. Бид бүтээгдэхүүнээ цагтаа явуулж чадахгүй үед дахиад л зөвшөөрөл авах болдог” хэмээн ярилаа.



Энэ мэтчилэн уулзалтад оролцогчид бизнес хийхэд учирдаг хүндрэл бэрхшээлийг, МХЕГ-ын төлөөлөл хийсэн ажлаа болон тэдний бэрхшээлийг хэрхэн амар хялбар болгож болох боломжуудын талаар ярилцаж байлаа.


Уулзалтад хувийн хэвшлийн зүгээс хүнсний үйлдвэрлэгч, худалдаа, үйлчилгээ, барилга, уул уурхайн салбарын бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоод, ТББ-ын 60 орчим төлөөлөл оролцсон юм. 

Холбоотой мэдээ