“Хөшөө цайдам” музейд ёслолын Монгол гэр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 12:17:41

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас Түрэгийн үеийн соёлын өвийг дэлхий дахинд сурталчилах, хадгалж хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Хөшөө цайдам” музейд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд тус музейд ёслолын Монгол гэр, 40 тонын контейнерийн тусламж үзүүлэхээс гадна, “Билгэ хааны автозам”-ын самбарыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Хэлэлцээрт ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтчи, Хөшөө Цайдам музейн захирал Т.Нарангэрэл нар гарын үсэг зурлаа. Мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз хүндэт зочноор оролцов.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ болон БСШУСЯ-тай хамтран 1994 онд Түрэг хэл дээр бичигдсэн Билгэ хаан болон Күлтэгин жанжны хөшөө дурсгалыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зорилгоор “Хөшөө цайдам” музейг байгуулсан юм. 2006 онд ТИКА-гийн буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Хөшөө цайдам музей хүртэл 46 км хатуу хучилттай “Билгэ хааны автозам”-ыг барьж Монголын талд хүлээлгэн өгсөн байна. Одоогийн байдлаар “Хөшөө цайдам” музейд 300 гаруй түүхийн үнэт ховор эд өлгийн зүйл хадгалагдаж байгаа бөгөөд жилд дунджаар 4500 орчим хүн үзэж сонирхдог аж.

ТИКА-аас Монгол Улсад хэд, хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Шороон бумбагар” бунханы үнэт олдворыг хамгаалах, газар доорх музей байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. “Шороон бумбагар” бунхан бол 1400 жилийн өмнөх түүхтэй холбоотой. Тиймээс олдворуудын хадгалалт, хамгаалалт чухлаар тавигдаж байна хэмээн Элчин сайд Мурат Карагөз гарын үсэг зурах ёслолын үеэр онцлов.

Тэрбээр, “Түүнчлэн УДБЭТ-ын тайз заслын ажлыг хийж байгаа. Удахгүй төслийн гүйцэтгэл бэлэн болно. Мөн 3500 сурагчтай Ататуркын нэрэмжит тавдугаар сургуулийн гадна орчинг Турк улсаас авч ирсэн гантиг чулуугаар тохижуулсан. Энэ бол ТИКА-гаас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүдийн нэгээхэн хэсэг юм. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас Монгол Улсад нийт 30 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн байна” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ