АТГ-т иргэн, аж ахуйн нэгжээс 88 өргөдөл, гомдол иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 13:04:57

АТГ энэ оны тавдугаар сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 88 өргөдөл гомдол хүлээн авсан талаар өнөөдөр мэдээлэв.

Хүлээн авсан өргөдөл гомдлын 44 нь гэмт хэргийн шинжтэй байсан бол 28 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. Гомдлын дийлэнхийг нутгийн удирдлага, газрын харилцаа, гааль, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар, байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол эзэлжээ. Үүнээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх гомдол 37 буюу хамгийн олон нь байв.

АТГ хуулийн дагуу өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх ёстой бөгөөд энэ хугацаанд 79-ийг нь шийдвэрлэсэн байна. Үлдсэн гомдлууд нь АТГ-ын харъяалалд хамааралгүй гомдол байсныг буцаажээ. Шийдвэрлэсэн хэргүүдийн 7.6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гарган, прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ