Монголчуудын амьдралд орчин үеийн хөгжим хэрхэн нөлөөлж буй тухай кино бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 14:10:35

Америкийн иргэн, олон улсын хөгжмийн сэтгүүлч, найруулагч Лорен Неппийн бүтээсэн “Live from UB” баримтат кино энэ сарын 6-нд Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.

Нүүдлийн соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан Монголчуудын амьдралд орчин үеийн хөгжим хэрхэн нөлөөлж буйг өгүүлэх уг киноны зураг авалтыг 2012-2015 онд Улаанбаатар хотод хийжээ. Киног анх 2015 оны 4 дүгээр сарын 19-нд АНУ-ын Чикаго хотноо нээлтээ хийснээс хойш 17 хотод гаргасан байна. Гол дүрд панк урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Моханик” хамтлагийн залуус тогложээ.

Зураг авалтад “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Моханик”, “The Lemons” хамтлаг, “Hi-Fi Медиа Групп” компанийн захирал Ц.Нацагдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар оролцож, өөрсдийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

“Live from UB” баримтат киноны нээлт Тэнгис кино театрт болох бөгөөд ердөө ганц удаа гарах аж. Дараа нь киногоо  СУИС, Хөгжим бүжгийн коллежийн архивт бэлэглэх юм. Киноны нээлтийг АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэй үнэ төлбөргүй үзүүлнэ. Гэхдээ суудлын тоо хязгаартай тул үзэгчдийг ирсэн дарааллаар оруулах юм.

Киноны нээлттэй холбогдуулан энэ сарын 12-ны 19:00 цагаас “Гэгээнтэн Энтертайнмент” төвд “Монгол рок-н-ролл” нэртэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюссерууд оролцох аж. Энэ үеэр Моханик хамтлаг өөрийн тоглолтоо толилуулах юм.

М.Дайриймаа

Холбоотой мэдээ