Сэтгэл зүйч нар хүүхдүүдэд тулгарсан бэрхшээлтэй 74 үйлдлийг таслан зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-30 13:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд ЕБС-иудад боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэллээ. Энэхүү санаачилгыг “Тогтвортой хөгжилийн боловсрол-II” төсөл дэмжин ажиллаж буйг тус төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч, Байгаль орчны мэдээллийн сургалтын төвийн зөвлөх О.Оюунтунгалаг тодотголоо. Тэрбээр, өнгөрсөн 2 жилийн хугацаанд ковидын цар тахлын улмаас хүүхдүүдийн сурах боломж нөхцөл тодорхой хэмжээгээр хаагдаж хумигдаж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдийн сэтгэл зүйн байдал шалгалтад бэлдэх зэрэгт төвөгтэй болж ирсэн учраас БШУЯ манай төсөлд хүсэлт тавин төгсөх ангийн сурагч хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэх үзүүлэх хүрээнд мэргэжлийн сэтгэл зүйч нарыг бэлтгэх, тэднээр зөвлөгөө өгүүлэх зэргээр чат сүлжээний үйлчилгээг анх эхлүүлснийг дурдлаа.




Энэхүү үйл ажиллагаа улам өргөжсөнөөр ЕБС-д боловсролын сэтгэл зүйч нарыг ажиллуулах хэрэгцээ шаардлага байгаа нь гарч иржээ. Улмаар төсөл хэрэгжүүлж, нийт 72 сэтгэл зүйч, 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг бэлтгэн мэргэшүүлжээ. Тэдгээр сэтгэл зүйч нар өнгөрсөн оны 9 дүгээр сарын 21-нээс мэргэшсэн сертификатаа аваад ЕБС-иудад боловсролын сэтгэл зүйчийн үйлчилгээг үзүүлж ирэв. Энэ хугацаанд тодорхой үр дүн гарсныг өнгөрсөн 7 хоногт нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд болсон зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм.



Нийслэлд боловсролын сэтгэл зүйчээр 150 гаруй хүн бэлтгэгджээ. 30-аад нь мэргэшүүлсэн сургалтад эхнээсээ хамрагдаж эхэлсэн байна.




Төслийн талаар Монголын Сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс бэлтгэн гаргасан үр дүнгийн талаарх мэдээллээр өнгөрсөн хугацаанд 53 мянга гаруй хүн, 13.400 сурагчдад үйлчилжээ. Энэ үеэр 74 онцгой кейсийг таслан зогсоож чадсан байна. Тодруулж хэлбэл, хүүхдийн ганцаардал, ялгаварлан гадуурхалт, үл хайхрах, хүчирхийлэл, гэр бүлийн салалт зэргээс үүдэн хүүхдүүд сэтгэл санааны хүнд, хэцүү нөхцөл байдалд орсоор байгааг сургуулийн сэтгэл зүйчид хэлж байна. Энэ хичээлийн жилд сургуулийн сэтгэл зүйчид ийм 74 хүнд кэйсийг илрүүлж, ажилласнаар хүүхдүүдийг дээрх хэмжээний ноцтой байдалд орохоос сэргийлж чадсан талаар нийслэлийн 141 дүгээр дунд сургуулийн сэтгэл зүйч Б.Пүрэвмаа хэлж байв.



ЕБС-иудад сэтгэл зүйч нар ажилласнаар хүүхдүүдэд тулгарсан 74 бэрхшээлтэй үйлдлийг урьдчилсан сэргийлж таслан зогсоожээ.





Энэ нь сурагч хүүхдүүдэд бэрхшээлтэй зүйл их тулгарч байгааг нэг талаар харууллаа. Нөгөө талаар хүүхдүүдэд учирч буй асуудлыг сэтгэл зүйч нар ойлгон гаргаж ирж, сурагчдад дэмжлэг үзүүлж чадлаа. Үүгээр бидний ажлын эхний үр дүн гарч байна гэдгийг “Тогтвортой хөгжилийн боловсрол-II” төсөл дэмжин ажиллаж буйг тус төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч, Байгаль орчны мэргэжлийн сургалтын төвийн зөвлөх О.Оюунтунгалаг онцоллоо.

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сэтгэл зүйч П.Оюунсувд, “Бид сурагч хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг ганцаарчилсан байдлаар болон бүлгээр өгч мөн сургалт, урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх нь их чухал бөгөөд энд зөвлөгөө өгөх өрөө танхимын стандарт, тохижуулалт нөхцөл хүртэл ихээхэн нөлөөтэй, үр дүнд хүргэдэг. Энэ үүднээс Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс сэтгэл зүйч бидэнд өрөөний тохижуулалтыг стандартын дагуу хийж өгсөн. Энэ нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд шууд нөлөөлснийг дурдлаа.



 


 

Холбоотой мэдээ