Монгол Улс хил дамнасан худалдааны үзүүлэлтээр 150-д явж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-31 10:02:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээвэр, зууч логистикийн салбарынхан өнөөдөр үйл ажиллагаагаа Иргэний хуулийн хэдхэн заалт бүхий эрх зүйгээр зохицуулж байна. Энэ талаар тээвэр зуучийн “Эй Си Даблью транс” компанийн захирал Х.Дэлгэрцэцэг хэлэхдээ, хөрш хоёр оронд Тээвэр зуучийн тусгайлсан хууль хэрэгждэг жишээг дурдан гадаад худалдааны салшгүй, амин судас нь тээвэр логистикийн салбар, түүнийг зохицуулж байдаг тусгайлсан хууль байдгийг өчигдөр болсон “Логистик-2022” чуулган дээр онцолж байв. Тус салбарынхны үйл ажиллагааг Иргэний хуулиар эрх зүйн харилцаагаа зохицуулж байгаа нь тээвэр логистикийн салбарыг анхаараагүй ирснийх хэмээн үзэж байна. Тээвэр зууч гэдэг зөвхөн төмөр зам биш, энэ нь холимог тээвэр буюу тээврийн бүх төрлийг холбож өгч байдаг сүлжээ юм. Энэ бүхнийг тусган зохицуулах нэгдсэн хууль эрх зүй хэрэгтэй байгаатай ЗТХ-ийн сайд Л.Халтар санал нэг байгаагаа чуулган дээр илэрхийлж байв. Тээвэр, логистикийн салбарт худалдааг оролцуулан зангидсан тусгайлсан нэгдсэн хууль үгүйлэгдэж, ийм хуультай болох талаар бүгдээр хэлэлцэн алхам алхамаар ойртож буйг ЗТХ-ийн сайд хэлллээ.




Тэрбээр, “Тээвэр логистик ба Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд тавьсан илтгэлдээ, “Ковидын цар тахлын үеийн хатуу хөл хорионоос шалтгаалан өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар бүх төрлийн тээврээр нийт 49.1 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.1 сая тонн буюу 18.5 хувиар  буурсан. Энэ нь зөвхөн БНХАУ-ын Тяньжин боомтын хараат байсны сөрөг тал. Цаашдаа импортын болон экспортын ачааг боломжит бүх боомтыг ашиглан тээвэрлэж хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна.

Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх,  хилийн боомтуудыг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбох, агаарын зайн ашиглалтыг сайжруулж дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд салбар бүрд төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхнээсэээ ашиглалтад орсон. Цаашид нийгэм, эдийн засагт ач холбогдол өндөр олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ” хэмээн хэллээ.




Улс орны эдийн засаг, гадаад худалдааны гол урсгал тээврийн салбарт цар тахал, хилийн хориг, геополитикийн нөхцөл байдал хүндээр нөлөөлж байна. Жилийн хугацаанд 10 дахин нэмэгдсэн тээврийн зардлын өсөлт үнийн хөөрөгдлийг бий болгож, инфляцид сөргөөр нөлөөлж эдийн засгийн тодорхойгүй байдлыг үүсгээд байна. Далайд гарцгүй манайх шиг улсад дээрх өсөлт хүндрэл 2 дахин нөлөөлж, тээвэр, зуучийн салбарыг гацааж, логистикийн сүлжээний доголдол өнөөдөр ч үргэлжилсээр хэвээр байна.




Дэлхийн банкнаас гаргадаг улс орнуудын хил дамнасан худалдааны үзүүлэлтээр манай улс 150-д явж байна. Нэг нэгнээсээ хамаарсан, хамгийн их даяарчлагдсан тээвэрийн салбарт тээврийн үнэ төлбөр нэмэгдэж байгаа нь инфляцид дарамт болж байна. Өмнөх жилтэй харьцуулахад импортын чингэлгийн тээврийн урсгал 43 хувиар нэмэгдсэн гэж байгаа ч үнэ өртөг нь өндөр хэвээр байгааг салбарынхан хэлж байв. Нийт бараа бүтээгдэхүүнд эзэлж буй тээвэр логистикийн зардал өмнө нь 30 хувь байсан үзүүлэлт улам дордсон хэмээн хэлж байна. Эрээн-Замын-Үүд боомт дахь гацааг хэрэв манай боомт илүү автоматжиж цахимжсан хүний оролцоо бага байсан бол өдийд ийм хязгаарлалт бага байх байсан хэмээн үзэж буйгаа Монголын Тээвэр зуучийн нэгдсэн холбооны тэргүүн хэлж байлаа. 

Холбоотой мэдээ