Канад улс гар бууны худалдааг хориглох хуулийн төсөл санаачилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-31 16:25:19

ОТТАВА. /Reuters/. Канад улс гар бууны хяналтын шинэ хуулийн төслийг танилцуулсан ба уг хуульд зааснаар орон даяар гар бууны импорт, худалдаа, тээвэрлэлтийг хориглох, бууны хүхээгийн хэмжээг хязгаарлах, галт зэвсэгтэй төстэй тоглоом худалдаалахыг хориглох аж.


Шинэ хуулийн төсөл нь өнгөрсөн жил Канадын сонгуулийн үеэр хойшлуулсан зарим төлөвлөгөөг сэргээх зорилготой юм.


Тус улс гар бууны хяналтыг чангатгах шийдвэр гаргахын өмнө АНУ-ын Техас мужийн нэгэн бага сургуульд халдлага гарч, 19 сурагч, 2 багш амим алдсан.


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт шинэ хуулийн төслийг зарлахдаа, галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл нэмэгдэж байгаа тул асуудлыг таслан зогсоох шинэ арга хэмжээ боловсруулах ёстой гэж мэдэгдэв.


Түүний үзэж буйгаар Канадын ард иргэд галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийг бууруулах асуудалд “маш эв нэгдэлтэй” хандаж байгаа юм.


Уг хоригоос буудлагын спортын тамирчид, элит мэргэн буудагч, аюулгүй байдлын ажилтан зэрэг хүмүүс чөлөөлөгдөх бөгөөд Засгийн газар шинэ хуулийг батлахаас өмнө гар буу эзэмшиж байсан иргэдэд буугаа хадгалахыг зөвшөөрөх юм.


Тус улсад бууны хяналтын тухай хууль АНУ-аас чанга байдаг. Канад улсад галт зэвсгээр аллага үйлдэх гэмт хэрэг АНУ-д гардаг тохиолдлуудын тавны нэгээс бага байдаг хэдий ч бусад чинээлэг орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг улам бүр өссөөр байгаа юм.      

Холбоотой мэдээ