Өнгөрөгч онд гэмт хэргийн улмаас 50 хүүхэд хохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-06 16:52:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчил ихсэх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Өнгөрөгч онд гэмт хэргийн улмаас 50 хүүхэд хохирсон бөгөөд тухайлбал, есөн хүүхэд амь, найман хүүхэд эрүүл мэнд, 33 хүүхэд сэтгэл санаа, нэг хүүхэд эд хөрөнгөөрөө тус тус хохирчээ.

Мөн сүүлийн гурван жилд хулгайлах, хүний биенд санаатай гэмтэл учруулах, хүчиндэх хэргийн улмаас дөрвөн хүүхэд хоригдож байгаа бол хуулийн байгууллагын хяналтад гурван хүүхэд байгаа аж. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн тусламжийн 108 дугаар утсанд 2021 онд 75, 2022 оны 1 дүгээр улиралд 30 удаа тусламж хүссэн дуудлага иржээ. 

Хүчирхийллийн талаарх иргэд, олон нийтийн зөв ойлголт, хандлага төлөвшөөгүй, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга барилд суралцаагүй, гэр бүлийн дарамт, шахалт, сүрдүүлгээс айж, хохирогчид хэргийн талаар бүрэн мэдүүлдэггүй, мэдүүлгээсээ буцдаг гэхчлэн олон асуудал байгааг холбогдох албаныхан хэллээ. 

Холбоотой мэдээ