Ховд аймагт он гарсаар 74 иргэн 260 сая төгрөг залилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-15 13:02:15

Ховд /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Ховд аймагт залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэж, 2022 он гарсаар нийт шалгасан гэмт хэргийн 44.3 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, Ховд аймаг дахь Цагдаагийн газарт залилуулж хохирсон гомдол 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар 59 бүртгэгдэж, 74 иргэнд 260 сая төгрөгийн хохирол учирчээ

Залилах төрлийн гэмт хэрэг өмнөх жилүүдэд буюу 2017 онд нэг, 2018 онд дөрөв, 2019 онд 16, 2020 онд 22, 2021 онд 28 бүртгэгдсэн. Энэ нь жил ирэх тусам залилан мэхлэх гэмт хэргийн тохиолдол нэмэгдэж буйг илэрхийлж байна.    

Залилах гэмт хэрэг нь ихэвчлэн эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг.  Түгээмэл үйлдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах", "түрээслэх, түрээслүүлэх", "арилжих", “барьцаалах" иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч бичиг баримт ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө, иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотнын найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироосоор байна.

Иргэд залилан мэхлэх гэмт хэргээс болгоомжилж, ямагт нягтлан шалгах замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.  

 

 

 

Холбоотой мэдээ