Улиастай сумын хоёр байршилд “И-Монголиа” төвийг нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Тус аймаг энэ жил “Цахим жишиг
аймаг” болох зорилт тавьсан бөгөөд “И-Монголиа” төвийг нээгээд байна гэж
аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголиа
академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Цахим жишиг аймаг Завхан”
нээлттэй хаалганы өдөрлөгийг Улиастайд зохион байгуулсан. Цахим үндэстэн болох
зорилтын хүрээнд олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү
нээлтээ хийсэн “Е-Mongolia” төв юм.
Энэ төвийг нээснээр цахим засаглалыг бий
болгож, төрийн үйлчилгээ нэг дор төвлөрч, шат дамжлага багатай, хүнд сурталгүй,
шуурхай, ил тод болж байгаагаараа ач холбогдолтой. Иргэд интернэт банк, банкны карт, Q pay
аппликэйшн ашиглан олон төрлийн үйлчилгээ, төлбөр төлөлтийг цахимаар хийх
боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн иргэд, төрийн албан хаагчдад цахим үйлчилгээ авах сургалтыг хоёр өдөр зохион байгуулж олон нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүллээ. Аймгийн иргэд төрийн үйлчилгээг хаанаас ч, гар утас болон компьютероос авах боломжтой. Мөн Улиастай сумын “Баруун бүсийн худалдааны төв”, ЗДТГ-ын дэргэдэх “Нэг цонхны Е-Mongolia үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Төрийн үйлчилгээг дараалалгүй, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр цахимаар хурдан шуурхай авах нь цаг хугацаа хэмнэх төдийгүй олон шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээний бичиг, цаасны зардлыг ч багасгаж буй сайн талтай юм гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас нэмж дуулгав.