Дархан-Уул аймагт 52 хүндэт донор бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-17 16:04:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Бусдын амийг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ “Цусаа бэлэглэж эв эеийг эрхэмлэн-Бусдын амийг аварцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дархан-Уул аймгийн ЭМГ, УЗХ, Нэгдсэн эмнэлгийн Цусны төв хамтран өнөөдөр донорууддаа хүндэтгэл илэрхийллээ. Аймгийн хэмжээнд цусны салбар төвд бүртгэлтэй 2038 донор байдаг аж. Үүнээс 150 удаа цусаа бэлэглэсэн “Алтан донор” нэг,  100 удаа цусаа бэлэглэсэн “Мөнгөн донор” хоёр, 70 удаа цусаа бэлэглэсэн хоёр донор байдаг бол нийт 52 хүндэт донортой аймаг юм. Мөн тухайн жилдээ донор байгууллага хамт олныг алдаршуулж өргөмжилдөг аж. Энэ жил Дархан сумын 29 дүгээр цэцэрлэг, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн хамт олон бусдын амь аврах, энэрэнгүй их үйлст нэгдэж, “Донор хамт олон” –оор шалгарчээ. Мөн энэ өдөр “Бид” эмнэлгийн чих, хамар хоолой, эрүү нүүрний их эмч Б.Баярсайхан “Хүрэл донор” боллоо. 2005 оноос хойш 80 гаруй удаа өгөхдөө 40 литр цус хандивласан байна. Цусаа хандивлах нь бусдад амьдрал бэлэглэхийн дээр өөрийнхөө эрүүл мэндийг давхар хянах боломжтой гэж байлаа. Донорууддаа жилдээ нэг удаа хүндэтгэл илэрхийлдэг Улаан загалмайн хороо, Цусны төв, Эрүүл мэндийн газар, донорууд хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлдэг ажээ. Тэд бүтэн жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд бүгд хамрагддаг аж. Энэ жилийн тухайд Зулзагын голын зуслангийн бүсэд нэг га газар авч, донорууддаа зориулсан сувилал байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ