БНХАУ-ын Элчин сайдын айлчлал амжилттай өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
ariunzaya@montsame.mn
2016-08-09 10:13:49

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хайминий Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган, Батцэнгэл суманд энэ сарын 2-4-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.

Айлчлалын бүрэлдэхүүнд мөн БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд дагалдсан бөгөөд эхний өдөр домогт хангай ханы нурууны тунгалаг Тамир, Цэцэрлэгийн голын ай сав нутгийн байгалийн бишрэм сайхан тогтоцтой Цэнхэрийн 86 хэмийн халуун рашаанд “Хангай ресорт”-жуулчны баазад тухлан саатсан юм. Эрхэм зочдыг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хүлээн аьч, хүндэтгэлийн зоог барив.

Дараагийн өдөр дархан цаазат Булган уулын өврийн Зая гэгээний цогцолборын өндөрлөгөөс Цэцэрлэг хотын ерөнхий төлөв байдалтай зочид маань танилцлаа. Улмаар Нутгийн захиргааны ордонд "БНХАУ-ын ЭСЯ, Архангай аймгийн ЗДТГ-тай урт хугацаанд эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг"-т БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хаймин, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нар гарын үсэг зурсан юм. Ёслолд Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр Засаг дарга Ц.Мөнхнасан болон хоёр талын холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Ноён Элчин сайд мөн айлчлалын хүрээнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, “Ар мөнгөн чагнуур”-өрхийн эмнэлэг “Сувд” сувиллын ажил үйлстэй танилцав. Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Ганбямбын танилцуулснаар, тус байгууллагад 58 их эмч, 156 сувилагч, 136 ажилчин ажилладаг бөгөөд Азийн хөгжлийн банк, АНУ, Франц, Герман, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-зэрэг гадаадын олон улс, сайн дурын байгууллагуудтай түншилсээр иржээ.

БНХАУ-ын дэмжлэгээр 2015 оноос энэхүү эмнэлэгт “Цахим эрүүл мэнд”-төсөл хэрэгжиж байна. Элчин сайд Син Хаймин эрүүл мэндийн салбарын талаар харилцан туршлага солилцож, БНХАУ-ын ЭСЯ-наас цаашид хөрөнгө оруулж шинэ шатанд гаргахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлэв. Энэ чиглэлээр санамж бичигт БНХАУ-ын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Ли Вей, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Т.Ганбямба нар гарын үсэг зурлаа.

Айлчлалын төгсгөлийн өдөр ноён Элчин сайд дагалдан яваа хүмүүсийн хамтаар Архангай аймагт болж байгаа Хятад, Монголын хамтарсан “ Хятадын соёлын наадам”-ын нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.

Дашрамд дурдахад Архангай Монгол Улсын төв хэсэгт оршдог. 56252 хавтгай дөрвөлжин метр дэвсгэр нутагтай. 2015 оны байдлаар 92059 хүн амтай. Дэд бүтэц сайн хөгжсөн МАА-г тэргүүлэх салбар болгосон аймаг юм.

Архангай аймаг. Л. Булган

Холбоотой мэдээ