Монголын шилдэг бөхчүүдийн NFT КАРТ гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-23 09:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, MongolNFT болон Хүчтэн төсөл хамтран Монголын шилдэг бөхчүүдийн NFT карт гаргах болсноор Монгол үндэсний өв соёл, үндэсний бөхийг дэлхийд таниулах эхний алхам хийгдэж эхэллээ.


Монгол үндэсний өв соёл, үндэсний бөхийг дэлхийд таниулан сурталчлахаар МҮБХ Нийгэмд үйлчилдэг ТББ болон Хүчтэн төсөлтэй MongolNFT хамтран Монголын шилдэг бөхчүүдийн NFT картыг гаргаснаар орчин үеийн хөгжил дэвшилтэй холбож олон талт сонирхогчдыг бий болгох юм байна.



Төслийн хүрээнд хэрэгжүүлэх энэхүү эхний ажил нь 2022 оны улсын баяр наадам, 100 жилийн бөхийн барилдаанд барилдах өндөр цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн гарын үсэг бүхий цор ганц спорт картын NFT-г худалдаанд гаргах юм. Улмаар 7 дугаар сарын 1-5-нд худалдаалах төлөвлөгөөтэй байгаа аж. Тухайн NFT-г авснаар Хүчтэн спорт картын биет хувилбар танд очих бөгөөд бөхчүүд өөрийнх нь гарын үсэгтэй картыг авсан хүмүүстэй биечлэн уулзан танилцах боломж ч нээлттэй юм. Үүгээр зогсохгүй, үндэсний бөхийн гаргаж буй анхны спорт карт тул уг картын анхны хувилбар нь ирээдүйд монгол бөх сонирхдог олон үзэгчдийнх нь дунд үнэ цэнэ нь өсөх магадлалтай.


Түүнчлэн, MongolNFT платформ дэх бүхий л NFT-г дэлхийн топ NFT маркетплейсүүд дээр гарган худалдаалах, худалдан авах боломжтой байдаг. Үндэсний бөхийг зөвхөн Монголдоо гэлтгүй дэлхийд сурталчлах боломж бүрдэж байгаа юм. Жүдо, чөлөөт бөх, сумо зэрэг бөхийн төрлүүдээр дэлхийд алдаршсан монголчуудын хувьд Монгол үндэснийхээ бөхийг олон улсад сурталчлан таниулахад гаднынхан ихээхэн сонирхох биз ээ.



Дэлхийн "спорт карт"-ын томоохон соёлыг Монголдоо түгээж, үндэсний бөхчүүдийн зурагтай биет болон дижитал хэлбэрийн спорт картыг худалдаанд гарган хүмүүсийн дунд нэгэн  хэвийн байж л байдаг бөхийн спорт, бөхчүүдтэй холбоотой нийтлэг буруу ташаа мэдээлэл, хандлагыг өөрчлөх, орчин үеийн залуучуудын дунд бөх сонирхох трендийг бий болгохыг зорьж байгаа нь цагаа олсон ажил, сайн үйлс болж байна.


Ташрамд сонирхуулахад, NFT гэж яг юу гэсэн үг вэ? Энэ нь англиар Non-Fungible-Token гэсэн үг. Fungible гэдэг нь монгол хэлнээ буулгавал орлуулшгүй гэсэн үг бол token гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр Non-fungible-token гэдэг нь энгийнээр орлуулшгүй, цор ганц зүйл гэсэн утга болж байна.

Тиймээс цор ганц бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл үнэ цэнтэй, маш өндөр үнэтэй бол олон тоогоор үйлдвэрлэгдсэн, эсвэл дуураймал зүйлс хямдхан байдаг.


NFT мэдээж анхнаасаа олны анхаарлын дунд байгаагүй. Анх 2017 онд эхэлсэн ч сүүлийн 1-2 жилд л ийнхүү анхаарал татах болсон нь цар тахалтай холбоотой. Коронавирусийн халдварын үед хүмүүс гэрээсээ худалдан авалт хийх болсон нь ийнхүү нөлөөлжээ.


2021 он гарсаар дэлхий даяар уран бүтээлчид өөрсдийн дижитал арт бүтээлийг зах зээл дээр интернет ашиглан худалдаалж эхлээд байна.


Өөрөөр хэлбэл зураг, бичлэг, тэр байтугай меме-ийг хүртэл зарж, худалдаж авах боломжтой болсон. Жишээлбэл, Твиттер компанийн үүсгэн байгуулагч Jack Dorsey-ийн Твиттер дээр бичсэн хамгийн анхны жиргээ “just setting up my twttr” буюу “би өөрийнхөө жиргээг бичиж байна” гэсэн жиргээний screenshot NFT-ийг $2,915,835.47 буюу 3 сая орчим ам.доллароор худалдаалагдсан байна. Мөн одоогийн байдлаар NFT-ийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан бүтээлээр "Everydays: the first 5000 days" буюу "Өдөр тутам: анхны 5000 өдөр" нэртэй зураг нэрлэгддэг. Уг зураг 69.3 сая доллароор зарагдсан юм. Уг бүтээлийг Сингапур улсад блокчейн бизнес эрхэлдэг Vignesh Sundaresan буюу "Metakovan" хочтой хүн худалдаж авсан.


Мөн NBA top shot гэх нэртэй платформ NBA лигийн зураг, бичлэгийг NFT хэлбэрээр худалдаалж эхлээд байгаа. Онцолбол, Лос Анжелес Лейкерс багийн од тоглогч Леброн Жеймсийн цагариган дээрээс довтолж байгаа бичлэг 280,000 ам.доллароор зарагдсан юм.

Холбоотой мэдээ