ХОВД: Мөнххайрханы БЦГ дөрвөн сумтай орчны бүсээр хиллэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-23 12:29:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр Мөнххайрханы байгалийн цогцолборт газар (БЦГ)-ын орчны бүсийн сум болон бусад байгууллагын хамтарсан уулзалт боллоо.

Мөнххайрханы БЦГ нь Ховд аймгийн Үенч, Булган, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган гэсэн дөрвөн сумтай орчны бүсээр хиллэж 700.000 орчим га тайлбайг 17 байгаль хамгаалагч, 3 мэргэжилтэн, М.Одхүү даргаар удирдуулан ажиллаж байна.

Тэд энэ жил Мөнххайрханы БЦГ-ын хязгаарлалтын бүс Улиастын голд урсгал ус руугаа орж чадалгүйгээр тасархайтсан загасны амьдрах орчин доройтон хүчилтөрөгчийн дутагдалд орж, олноор хорогдож байсныг илрүүлж, урсгал устай газарт шилжүүлэх ажил хийсэн. Хамгаалалтын захиргаанаас өвсөн тэжээлтэн зэрлэг амьтад болох аргаль хонь, янгир ямаа, халиун бугын байршил нутгийн судалгаа хийж, биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай газар нутгийн судалгаа гаргах замаар тухайн бүс нутагт нь өвс, хужир шүү тавих ажлыг тогтмол зохион байгуулсан. Сүүлийн жилүүдэд булга байршиж буйг нутгийн иргэд болон байгаль хамгаалагч нар үзэж бүртгэсэн байсан бөгөөд тус хамгаалалтын захиргааны судалгааны баг 2022 оны хоёрдугаар сард Булган гол дагуу судалгаа хийж, булганы байршил нутгийг тогтоон, камер байршуулах замаар зургаар баримтжуулсан гэх мэт олон ажил өрнүүлжээ.

Тус цогцолборт газар нь өдгөө орчны бүсийн дөрвөн сумтай жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилладаг нь зэрлэг амьтан, ургамал хамгаалал, иргэдийн уламжлалт мал аж ахуй эрхлэх бүрэн боломж, хууль бус агнуурыг таслан зогсоох чиглэлтэй.

Энэ удаа Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын орчны бүсийн уулзалтад Үенч, Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Булган, Мөнххайрхан сумын удирдлага, байгаль хамгаалагч нар, Булган, Үенч, Бодонч голын сав газрын захиргааны мэргэжилтэн, дарга нар, Хар Ус нуур болон Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөл гэсэн 32 хүн оролцлоо.


Уулзалтаар 2019 онд зохион байгуулсан уулзалт, зөвлөгөөнөөс гарсан “Алтайн хойлог шувуугаа авран хамгаалъя” зөвлөгөөний үр дүнг хэлэлцэж, орчны бүсийн дөрвөн сумын байгаль орчны чиглэлээр хийж буй зарим үйл ажиллагаа, хяналт шалгалт явуулах “смарт” программын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зөвлөмж гаргахаар зорьж байна.


Холбоотой мэдээ