Хоол тэжээлийн дутагдлын улмаас найман сая хүүхэд нас барах эрсдэлтэй байна

ДЭЛХИЙД | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2022-06-23 16:17:36

БЕРЛИН. /DW/. Хоол тэжээлийн архаг дутагдлын улмаас таваас доош насны найман сая орчим хүүхэд нас барах эрсдэлтэй байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сан пүрэв гарагт мэдээлжээ.


Тэдгээр хүүхдийн дийлэнх нь хоол хүнс, эмнэлгийн тусламж дутагдалтай байгаа Афганистан, Этиоп, Хаити, Йемен зэрэг 15 оронд амьдарч байна.


Хоол тэжээлийн архаг дутагдлаас үүдэн дархлааны тогтолцоо сулардаг бөгөөд энэ нь таваас доош насны хүүхдүүдийн нас барах эрсдэлийг бусад хүүхдүүдийнхтэй харьцуулахад ойролцоогоор 11 дахин нэмэгдүүлдэг.


Хүүхдийн сангийн тайланд дурдсанаар, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүүхдийн тоо 2022 оны эхэн үеэс хойш 260 мянгаар нэмэгдсэн байна. Энэ онд Украины дайнаас гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачгийн улмаас хүнсний үнэ нэмэгдэх болоод байгаа юм. Мөн эдийн засагт “COVID-19” халдвараас үүдэн учирч буй нөлөөлөл нь хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлж байна.


Хүүхдийн сангийн мэдээлснээр, нөмрөн ирж буй хямралыг зохицуулахад 1.2 тэрбум ам.долларын багц тусламж шаардлагатай байна. Тус байгууллагын тэргүүн Кэтрин Рассел хэлсэн үгэндээ, дэлхий дахинд хойшлуулах цаг байхгүй гэдгийг тодотгоод, Германд хуран цуглах гэж буй “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид тэдгээр хүүхдийн амь насыг аврах боломж байгааг онцолжээ. 

Холбоотой мэдээ