ХОВД: Хур тунадас бага байгаагаас хуурайшилт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-27 19:41:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв (УЦУОШТ) цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээг боловсруулан гаргаж байна.

Үүнээс гадна тус аймгийн Засаг даргын өмнө үүрэг хүлээн жил бүр санхүүгийн дэмжлэг авч хөрсний чийгийг нэмэгдүүлж, ургамлын ургалтын явц, зуншлагыг сайжруулах ажил хийдэг. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд Ховд аймгийн нутгаар зуншлага сайн байсан.

Ховд аймгийн 2022 оны хавар, зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд олон жилийн дунджаас “бага” хур тунадастай байна гэх судалгаа гарсан. Энэ нь улирлын төлөв байдалтай таарч, энэ зун Ховд аймгийн нутгаар бага хур тунадастай байна.  

Өнгөрсөн онд тус аймгийн нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 10 орчим удаа зохион байгуулжээ.     

                                       

                                           Үүл буудахад учир бий ...

Харагдсан үүл болгоноос бороо ордоггүй. Цаг уурын шинжлэх ухаанд 10 төрлийн 100 гаруй үүлийг ажиглаж байгаагаас 2 төрөл нь л борооны үүл байдаг.

Яагаад борооны үүл гэж нэрлэсэнд бас учир бий. Борооны үүл нь өөртөө тодорхой хэмжээний усан дуслыг агуулсан байдаг.

Харин зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрсхүчлийн хий /CO2/, иодот мөнгөн /AgJ/-ийн реагант /найрлага бүхий бодис/-ийг үүлэнд цацаж үйлчилснээр тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцөл бүрдүүлэхийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, өөртөө усан дусал агуулсан борооны үүлэнд иодот мөнгийг цацаж өгснөөр урвал явж, тухайн үүлний усан дуслын хэмжээг томруулан орох гэж байгаа хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажиллагаа юм. Энэ бол физик, химийн хичээлийн ерөнхий ойлголт аж.

Борооны үүл биш л бол үүлэнд зориудаар нөлөөлөх боломжгүй. УЦУОШТ-ийн хамт олон байнгын 24 цагаар үүлийг тандан судалж, энэ чиглэлээр цаг уурын мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд Ховд нутгийнхаа зуншлагын төлөө тохиромжтой мөчийг алдахгүй ажиглалт, судалгаа хийж буй.

Ойрын өдрүүдэд хур тунадас бага байгаатай холбогдуулан хуурайшилт нэмэгдэж, агаар болон хөрсөндөө хэт халж байгаа тул иргэд наршихаас болгоомжлох хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн хэт хуурайшилттай байгаа тул иргэдийг гал түймрийн болзошгүй эрсдэл гаргахаас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Өнгөрсөн 10 хоногт нийт нутгийн 40 орчим хувьд багахан хэмжээний бороо орлоо. Агаарт 30-аас дээш градус халсан өдрийн тоо 1-6 өдөр, хөрсний гадарга дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт суманд 8-10 өдөр ажиглагдсан байна.

Мөн салхины их хурд нийт нутгаар секундэд 8-26 м/с хүрч шуурсан. Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-7 см өндөр ургасан байна. Уулархаг нутгаар ургамлын ургалтын үнэлгээ сайн гарсан гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 


2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс долоодугаар сарын 4-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр энэ сарын 28, 29-нд зарим газраар бага зэргийн аадар бороо орно.

Салхи энэ сарын 28, 29 болон долоодугаар сарын 1-4-ний өдөр зарим газраар секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр байна. Бусад хугацаанд салхи секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх аж.  

 

 

Холбоотой мэдээ