БАЯН-ӨЛГИЙ: Эхний таван сард 40 залилах гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-28 12:52:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар залилах төрлийн 40 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 гэмт хэргээр өссөн үзүүлэлт аж. Харин гомдол мэдээллийн тоо 82,5 хувиар нэмэгджээ.

Иргэд олон нийтийн сүлжээгээр явуулсан янз бүрийн холбоосуудаар орж хувийн болон банкны мэдээллээ алддаг байна. Мөн залилагчид төрийн болон төрийн бус байгууллагууд руу залгаж, "Танай дээд байгууллага, яамдаас ярьж байна. Тус байгууллагад компьютер, шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлс хандивлаж байгаа. Эдгээр зүйлсийг хүргэхийн тулд зардлын мөнгийг төлөх ёстой" хэмээн худал хэлдэг. Тэрэнд нь байгууллагын удирдлага, нягтлан бодогч, ажилтнууд нь итгэж мөнгө шилжүүлдэг асуудал гардаг аж.

Түүнээс гадна хямд бараа зарна, цахимаар зээл гаргана гэсэн мэдээллүүдэд итгэж хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэхийг цагдаа, прокурорын байгууллагаас онцгойлон анхааруулж байна. 

Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2021 онд залилах 7 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байжээ. Харин 2022 оны эхний 5 сарын байдлаар 24 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Холбоотой мэдээ