Хилийн боомтод үүсэж буй хүндрэлийг шалгах түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-30 16:18:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.


Хуралдааныг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа даргалж, түр хорооны даргыг томилох асуудлыг танилцуулав. Тэрбээр, “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад танилцуулж, Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг томилуулахаар санал хүргүүлсэн. Иймд Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболдын нэрийг дэвшүүлэх санал оруулж байна гэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх, нэрээ дэвшүүлэх гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Г.Ганболдыг сонгохыг 100 хувийн саналаар дэмжлээ.


Ингээд УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд гишүүдэд хандаж, "УИХ-аас гаргасан уг тогтоолын дагуу Хянан шалгах түр хороо нь нотлох баримт цуглуулах, хянан шалгах, шинжээч томилох, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй. Иймд УИХ-ын чуулган завсарлах гэж байгаа тул Түр хороог хуралдуулж, хянан шалгах шинжээчдийг томилох асуудлыг нэн яаралтай хэлэлцэх зайлшгүй шаардлага байна" гэв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.4-д “УИХ-ын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” гэж заасан. Түр хорооны бүрэлдэхүүнд харьяалагдсанаар шийдвэр гаргах үйл ажиллагаа, ялангуяа гааль, боомттой холбоотой асуудалд оролцохгүй гэдгийг мэдэгдье гэв.


Түр хорооны дарга Г.Ганболд нэмэлт тайлбар хийхдээ, "Ш.Адьшаа гишүүн санал, дүгнэлт гаргах асуудалд оролцохгүй ч Түр хорооны бүрэлдэхүүнээс гарахгүй Гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллана. Түр хорооны гишүүдийг сонгохдоо хил, гаальтай холбоотой асуудлаар ажиллаж байсан, туршлагатай төлөөллийг оруулсан гэлээ.

Холбоотой мэдээ