СЭЛЭНГЭ: Үзэсгэлэн худалдаагаар 150.0 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-30 18:06:40

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Сэлэнгэ аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 27-29-ний өдрүүдэд “ЭКСПО-2022” үзэсгэлэн худалдааг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод амжилттай зохион байгууллаа.  

Үзэсгэлэн худалдааг барилгын материал, сантехникийн болон бусад төрлийн бараа материал, мебелийн худалдаа, бадушка даавуун материал, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн гэсэн үндсэн 4 чиглэлээр зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 13 сум, Алтанбулаг чөлөөт бүс, Улаанбаатар хот, Орхон, Булган аймаг, Буриад Улсын 160 аж ахуйн нэгж, иргэд оролцов. Үзэсгэлэн худалдааны үеэр 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж, 150.0 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Зохион байгуулагчдын зүгээс хилийн бүс нутаг орчмын 2 орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, хөрөнгө оруулалт, түншлэл, экспорт, импортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцсон үйл ажиллагаа боллоо хэмээн дүгнэлээ.

“ЭКСПО-2022” үзэсгэлэн худалдааны үеэр 2 талын бизнес эрхлэгчдийн дунд уулзалт зохион байгуулж, барилгын материал, хүнс, мебель, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний чиглэлээр Монголын 3 аж ахуйн нэгж, Оросын талын 6 аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, хөнгөн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компаниуд Сэлэнгэ аймагт нээх зэргээр хамтран ажиллахаар болсон нь энэ удаагийн үйл ажиллагааны гол үр дүн байлаа гэж аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог үзэсгэлэнгийн хаалтын үеэр хэллээ. Цаашид энэхүү ажлыг илүү өргөн хүрээнд, илүү зохион байгуулалтын өндөр түвшинд олон давтамжтай зохион байгуулж, 2 талын бизнес эрхлэгчид, ард иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэрээр мөн хэлсэн юм.  

Ингээд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Гурван мэргэд” ХХК-ийн захирал Ж.Батбилэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дараа уулзаж, үйл ажиллагааных нь талаар тодруулга авлаа.

-Танай компани нэлээд хэдэн компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ямар ямар чиглэлийг сонгон гэрээ байгуулав?

-Манай Монгол Улс болоод Сэлэнгэ аймагт хашаа, байшинтай айл өрх их байдаг. Эдгээр хүмүүст тулгамдсан гол асуудал бол жорлонгийн асуудал байдаг. Энэ асуудлыг бид шийдэхийн тулд Оросын модны үйлдвэртэй гэрээ байгуулж, захиалга хийхээр боллоо. Оросын модон материалаар тэнд нь хийлгээд Монголын зах зээл дээр худалдаална. Бас нэг нь жорлонг ариутгаж, задалдаг тийм бодисуудыг үйлдвэрлэдэг компани байгаа. Ингээд модон жорлонг ариутгадаг бодистой нь хамт шийдэхээр боллоо. Мод өөрөө байгалийн гаралтай, ариутгах чанартай, бохирдол үүсгэдэггүй гэдгээрээ давуу чанартай юм. Мөн бид цонхны үйлдвэртэй гэрээ хийлээ. Манай улсад ихэвчлэн цагаан өнгөтэй цонх хийдэг. Эднийх тэгвэл өнгөний өргөн, олон сонголттой багадаа 50 төрлийн өнгөөр цонх хийдэг компани юм. Эднийх мөн гадна пасад болон төрөл бүрийн загвар дизайнтайгаар бүтээгдэхүүнээ хийдэг. Мөн мебель тавилганы компани байгаа. Энэ нь европ стандартаар, чанар сайтай материал үйлдвэрлэдэг компани юм. Манай компанийн хувьд чөлөөт бүс, аймгийн төв дээрээ, Улаанбаатарт салбартай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад анхны бриллиант буюу алмазыг Москвагийн үнэт эдлэлийн үйлдвэрээс нь шууд оруулж ирж борлуулж байна. Улаанбаатарт хамгийн ойр буюу Хиагтын “Хиагт Орбитрс” буюу “Мига М” гэсэн хамгийн том барилгын компаниудын нэрийн борлуулалтыг хийж байна.

 

Холбоотой мэдээ