Сэргээш хэрэглэсэн бөхийн цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар 14 хоногийн дотор хураана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГАУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Мөн Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах дүрэм, журмыг мэргэжлийн холбоодын санал, зөвлөмжид үндэслэн баталсан талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын дараа тэрбээр тус комиссын гишүүдийн хамт сэтгүүлдчийн асуултад хариулав.
-Наадмын нээлт, хаалтын тасалбар захиалах enaadam.mn цахим хуудас ганцсан асуудал бий. Мөн гадуур "тасалбар зарн" гэсэн зар гарсан байна. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Наадмын тасалбарын борлуулалтад тагнуулын байгууллага хяналт тавьсан. “Наадмын билет 400 000 зарна” гэсэн зар тараасан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Enaadam.mn цахим хуудас цаашид наадам бүрээр тогтмол ажиллана. Enaadam.mn-ын энэ жилийн борлуулалтын системийн хөгжүүлэлтийг хувийн хэвшлийн байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй хийсэн тул төлбөр төлөөгүй. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 000 суудалтай. Энэ нь Улаанбаатар хотын хүн амын 0.07 хувь, Монгол Улсын нийт иргэдийн 0.03 хувьд л хүрнэ.
-УИХ-аас баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулсан онцлох өөрчлөлтүүдээс танилцуулна уу?
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах асуудлыг 2003 онд хуульчилсан. Гэхдээ зарим зүйлийг хэт ерөнхий заасны улмаас зохион байгуулалтад асуудал тулгарч байсан тул шинэчлэн найруулсан. Энэ жил баяр наадмыг төрийн байгууллагын оролцоотой зохион байгуулсан. Харин ирэх жилээс зохион байгуулах эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудал яригдана. Мөн бөхийн цол, хурдан морины уралдаан, сур, шагайн харваатай холбоотой харилцааг илүү тодорхой зааж өгсөн. Хурдан морины уралдаанд л гэхэд стандарт, хүүхдийн насны асуудал бий. Хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжинэ. Сэрвээний өндрийг хэмжихдээ 5 эгнээгээр явуулах бөгөөд морь барианы зүүн талд байрлуулсан дэлгэцээр уяачийн нэр, морины дугаар болон өндрийн хэмжээг шууд дамжуулж үзүүлнэ. Үүнийг МҮОНТ болон НТВ сувгаар шууд дамжуулах юм. Түүнчлэн фейсбүүкт Хурдан морь-Ардын хувьсгалын 100, 101 жил гэсэн хуудас нээсэн бөгөөд эндээс иргэн бүр морийг хэмжих явцыг харж болно. Хурдан морийг Үндэсний их баяр наадам эхэлхээс 3 хоногийн өмнө бүртгэнэ гэсэн дүрэмтэй. Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдааны салбар комисс энэ сарын 6-нд Хүй 7 худагт байрлах тул уяч нар энэ сарын 7-9-нд морио бүртгүүлэх хэрэгтэй.
-Халимаг, Тувагаас бөх барилдах хүсэлт ирүүлсэн гэсэн. Энэ талаар?
-Монгол туургатан буюу Тувагаас 15, Халимаг, Буриадаас тус бүр 4, Өвөрмонголоос 2 бөх барилдахаар бүртгүүлсэн. Баяр наадмын өдрүүдэд иргэншил болон бусад байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй тул хүсэлтийг нь хүлээж авна. Засгийн газрын хурлаар баталсан журмын дагуу дархан аварга цолтой бөх 4 эсхүл 5-ын давааны үеэр зодог тайлах хүсэлт гаргах юм бол ёслол зохион байгуулна. Өөрөөр хэбэл, цолыг нь дуудаж, 9 хөлт цагаан туг тойруулж, зодгоо тайлж шавь юм уу үр хүүхэддээ үлдээх зан үйлийг хийх юм.
-Үндэсний бөхөд 1024 бөх барилдвал үзүүрлэсэн бөхөд цол олгох асуудал яригдаж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Засгийн газрын баталсан дүрмээр Үндэсний бөхийн холбооны саналаар бөхийн эрэмбийг олон нийтэд нээлттэй болгох юм. Улсын арслангаас доош цолтой бөх 1024 бөхийн барилдаанд түрүүлбэл улсын аварга болно. Улсын арслан түрүүлбэл даян аварга, үзүүрлэвэл улсын аварга болох юм. Цаашид Монгол бөхийн цолны үнэлэмжийг сайжруулах юм бол заавал аварга түрүүлдэг байх шаардлага тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1024 бөхийн барилдаанд үзүүрлэж улсын арслан авсан бөх дараагийн 1024 бөхийн барилдаанд үзүүрлэвэл чимэг л авна гэсэн үг. Харин 512 болон 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх л улсын аварга, даян аварга, дархан аварга хэмээх хүндэт цол авах юм. Бөхийн цолыг долоодугаар сарын 12-нд Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно. Мөн сэргээшийн шинжилгээг Шадар сайдын баталсан журмын дагуу цагдаа, тагнуулын байгууллага, хөндлөнгийн хяналттайгаар авах бөгөөд сэргээш хэрэглэсэн нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг хурааж, дараагийн бөхчүүдэд нөхөн олгох юм. Ингэснээр цол хураах асуудал 2, 3 жил сунжирдаг асуудал шийдэгдэнэ.
-Худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүлээж авсан. Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс энэ жил зөвхөн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно.
-Шинээр ямар тохижилт хийж байна вэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах зам талбайг засаж, зүлэгжүүлж байгаа. Мөн дотоод орчинд урсгал засвар хийж байна. 2013-2014 онд цэнгэлдэх хүрээлэнгийн сандалыг сольсон байсан. Үүнээс хойш нар салхинд гандаж, эвдэрч гэмтсэн тул энэ жил 80 орчим хувийг нь сольсон.