Уран бүтээлчид хиймэл оюун ухаанд суурилсан ЭХО аппаратыг ХСҮТ-д хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хошин урлагийн жүжигчид ХСҮТ-д 2022 оны шинэ загвар бүхий, хиймэл оюун ухаанд суурилсан ЭХО-ны аппарат бэлэглэлээ.
Жүжигчин Ц.Ганбаяр агсны эмчилгээнд зориулан босгосон хандиваас авч бэлэглэж буй Эксперт ангиллын ZST платформ бүхий Resona i9 брэндийн 269 сая төгрөгийн өртөгтэй энэхүү ЭХО-ны аппаратыг ХСҮТ-ийн Ангиографийн тасгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх юм.
Өдөртөө 10-20 хүнд дүрсийн хяналтат оношилгоо, эмчилгээ хийдэг тус тасгийн үйл ажиллагаанд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүд нэн хэрэгцээтэй байдаг аж. Анд нөхрийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн, олон хүний амийг хорт хавдраас аврах боломж олгосон хошин урлагийн нийт уран бүтээлчид, Big show-ны хамт олонд ХСҮТ-ийн хамт олон талархал илэрхийлсэн юм.