Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилгын ажлын явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-07-06 15:56:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй нар ЭХЭМҮТ-ийн дэргэдэх "Хавдрын эрт илрүүлэг, үргүйдэл нөхөн үржихүйн" төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.


БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлгийн төв барьж буй.

Зоорийн давхар бүхий 2 давхар энэ барилгын

·         Зоорийн давхарт хромосомын гажгийн оношилгооны лаборотори

·         1-р давхарт Хүүхдийн хавдрын илрүүлгийн үзлэгийн өрөөнүүд

·         2-р давхарт Хромосомын гажгийн илрүүлгийн ажилбарын өрөөнүүд байх юм.

Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож  хүүхдийн амьдрах хувь 20-30 хувь байдаг ба  ихэнх нь хожуу хугацаанд оношлогдож байгаа нь хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахад бодлого эрхзүйн орчин, хүний нөөцийг мэргэшүүлэх, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, тэдний нийгмийн халамжийн асуудлыг анхаарах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай юм.

Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн  дэргэд  Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төв байгуулах зайлшгүй хэрэгцээ байна. Мөн жирэмслэхээс өмнө болон жирэмсний явцад эх, урагт нөлөөлөх эрсдлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, жирэмсний явцад эмгэг байдлыг илрүүлж, оношлох нь тулгамдсан асуудлын нэг юм. Төрөлхийн хөгжлийн гажиг дотор хромосомын эмгэг 40 хувь байдаг ба хромосомын эмгэгийн шалтгаантай оюуны хомсдлын ихэнх хувийг Дауны хамшинж, мөн бэлгийн хромосомын эмгэг эзэлдэг.

Манай улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд оношлогдож буй төрөлхийн хөгжлийн гажгийн дийлэнх нь жирэмсний хожуу хугацаанд оношлогдож байна. Пренатал үеийн эрт илрүүлэг, оношлогоог хэрэгжүүлснээр ургийн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношлох улмаар перинатал өвчлөл эндэгдлийг бууруулах ач холбогдолтой.
Энэ төвөөр жилдээ 4000 гаруй жирэмсэн эмэгтэй үйлчлүүлж хромосомын илрүүлэг хийгдэх ба хүүхдийн хорт хавдрын илрүүлгийн зорилгоор жилд  8000 гаруй хүүхдэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд үүний дөрөвний нэг нь хөдөө орон нутгаас ирдэг байна.





Холбоотой мэдээ