ГССҮТ-ийн Түлэгдэлтийн эмнэлгийн 1-р блокыг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-07-08 13:39:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн Түлэгдэлтийн эмнэлгийн 1-р блок өнөдөр нээлтээ хийж ашиглалтад орууллаа.


Тус эмнэлэг 7 давхар, 6 тасагтай, 250 ортой түлэгдэл ба гэмтлийн яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлэх юм. Цаашид зөвхөн Түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй Гэмтэл Согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТ-ийнхөө ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэх хоёр дахь том төв юм.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар 702 648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31 122 тохиолдол нь түлэгдэл эзэлж байгаа ба   74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Харин ГССҮТ-ийн  Яаралтай тусламжаар жилд дунджаар 110 000 гаруй хүн үйлчлүүлснээс 20-25 хувь нь түлэгдэл болон бусад халдварласан, могойд хатгуулсан нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Анх Улсын Клиникийн 1-р эмнэлэгт Гэмтлийн тусламж үйлчилгээг тасгийн түвшинд гүйцэтгэж жил ирэх тусам хүн амын тоо, хөгжил цэцэглэлт нэмэгдэхийн хирээр осол гэмтлийн тоо ихэсч эмнэлэг болгон өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Анх 1972 оны 12-р сард “СнЗөвлөлийн 478 тоот тогтоол” гарч, Гэмтлийн эмнэлэг  байгуулахаар шийдвэрлэж байжээ. Энэ шийдвэрийн дагуу 1975 онд УКТЭмнэлгээс тасарч, хятад эмнэлгийн барилгад 150 ортой бие даасан Гэмтлийн эмнэлэг үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Үүнээс хойш 1991 он хүртэл Гэмтэл согогийн бүх тусламж үйлчилгээг тус барилгад явуулж байгаад 1991 онд Гэмтлийн эмнэлэг Шинэ байранд нүүж Түлэнхийн эмнэлэг үлдсэн байна. 1991- 2011он хүртэл түлэгдлийн төв  хуучин байрандаа Түлэгдэл болон Сэдрэлтэй гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Хуучин барилга нь цаашид үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй болсон учир 2008 онд Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч, 2011 онд Түлэгдлийн төвийн барилгыг акталснаар энэхүү шинэ эмнэлэг барих ажлын эхлэл тавигдсан юм. Хэдийгээр Түлэгдлийн төвийн барилгын ажил нь цаг хугацааны хувьд  нилээд удааширсан ч  өнөөдөр эхний блок ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд алсын түргэн тусламжид зориулсан туулах чадвар өндөртэй Toyota Prado 150 маркын автомашиныг ГССҮТ-д гардуулан өглөө.    

Эмнэлгийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцов.




Холбоотой мэдээ