ОРХОН: Алдарт 101 ээж наадмын нээлтэд бүүвэйн дуу эгшиглүүллээ

ФОТО
orkhon@montsame.mn
2022-07-11 10:44:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 46 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын нээлт Цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчдийн уухайн түрлэг, алга ташилт дор ёслол төгөлдөр боллоо. Энэ жилийн баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар МУСТА Д.Отгонбаатар ажиллалаа.



Үндэсний их бахархал, түүх соёл, ёс уламжлал, зан заншлыг харуулсан, гурван үеийн залгамж холбоог илтгэсэн уран бүтээлчдийн тоглолтоор наадмын нээлт эхэллээ. Өнө эртний уламжлалаар тулганд гал бадраах ёслол үйлдэж, Мөнх хөх тэнгэрээсээ морин хуур залж эгшиглүүлэх гээд ёс уламжлал, түүхээ таниулсан олон содон үзүүлбэрийг наадамчин олонд толилууллаа. 



Түүнчлэн Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 46 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын анхны суурийг тавьж, бүтээн байгуулсан анхдагч илгээлтийн эздийн төлөөлөл 46 ахмадад тэдний үр хойч болсон 46 залуус, 46 бяцхан үрс хүндэтгэл үзүүллээ. Гурван үеийн залгамж холбоо, ахмад үеэ хүндэтгэх, залуу хойчоо энэрэх уламжлалыг энэхүү үзүүлбэрээр харууллаа.  



Ардын хувьсгалын 100,101 жилийн ойд зориулан Орхон аймгийн 22 багийн “Алдарт эх” -ийн төлөөлөл 101 ээж наадмын талбайд бүүвэйн дууг эгшиглүүлж, хурсан олонд хүндэтгэл үзүүллээ. 

Мөн наадмын нээлтэд Орхон аймгаас төрөн гарсан Монгол улсын анхны Ерөнхий сайд А.Амарын дүрийг мөнхөлж, түүний түүхэн гавьяаг түмэнд толилууллаа. Түүнчлэн Орхон аймгийн удирдлагууд, УИХ-ын эрхэм гишүүд наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.


Орхон аймаг 2021 оныхоо ажлаар улсад тэргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “ТОП 100 Аж ахуйн нэгж”-ийг 20 дахь жилдээ тэргүүлсэн гээд олон амжилттайгаар баяр наадмаа угтлаа. Ийнхүү амжилт үзүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн идэвх санаачилга, бүтээлч хөдөлмөр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо. 
Баяр наадмын нээлтэд соёл урлагийн байгууллагын 600 гаруй уран бүтээлч оролцож наадамчин олноо цэнгүүллээ.