Энгүй хүчит Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 80 настай зодог тайллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ЗХУ-ын гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх зодог тайлах их ёслол үйлдэж, төрийнхөө наадмын зүлэг ногоон дэвжээнд хүндэтгэлээ илэрхийллээ.
Улсын Их баяр наадмын тавын
давааны эхэнд хосгүй хүчтэн Дархан аварга Х.Баянмөнхийн алдар цол, чимэгийг
дуудаж, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр улсын баяр наадмын дэвжээнд хоёр зууныг
дамнан нэгэн жаранд хүчээ сорьсон энгүй хүчтэн билээ.
Дархан аварга Х.Баянмөнх: “Их аз хийморьтой үйл явдал. Би өнөөдөр 80 хүрээд, төр ард түмний их баяр наадам 100 наслалаа. Энэ үед засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгч, ёслон тэмдэглэж байгаад би туйлын баяртай байна. Өнөөдөр дахин ногоон зүлэгт талбай дээрээ зодог шуудагтайгаа хүчээ үзэж чадахгүй боллоо гэсэн хөнгөн мэдрэмж надад төрж байна. Гэхдээ би өөрөө өөртөө хатуу санамж үг хэлж байна. "Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай. Энэ ногоон зүлгэн дээр 68 жил чи хүчээ үзлээ. Ханатлаа барилдлаа. Дэлхийд монгол бөхийнхөө нэрийг ханатал нь мандууллаа. Шинжлэх ухаан, шавь нар бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ. Болоо юм биш үү, чи" гэж өөртөө хэлээд, зодог тайлж байна. Цаашдаа миний Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ үлдээсэн өв уламжлал, дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс зүйтэй, чансаатайхан авч явна гэж би найдаж байна. Олон түмэндээ эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай. Бусдын сайн сайхнаар баярлаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан санаатай яваарай. Ард түмэндээ үүрд мөнх жаргал цэнгэлтэй, баярлаж яваарай гэж ерөөе!” хэмээлээ.
Х.Баянмөнх нь үндэсний
бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг юм. Тэрбээр 1968
1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн билээ.
Ийнхүү Дархан Их аварга
Х.Баянмөнх амжилтаас онцлон дурдвал:
1963 оны улсын наадамд 5
давж, Улсын начин
1963 оны Бүх ард түмний
спарткиадад 27 давж, 2 дугаар байр эзлэн, Улсын заан
1966 оны улсын наадамд
шөвгийн дөрөвт үлдэж, Улсын арслан
1968 оны улсын наадамд
түрүүлж, Улсын аварга
1971 оны улсын наадамд
түрүүлж, Дархан аварга цол тус тус хүртсэн.
10 удаа түрүүлж, 2 удаа
үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.
1963 оны улсын наадамд 5
давж, Улсын начин цол
1964 оны улсын наадамд 6
давж, Улам нэмэх чимэг
1965 оны улсын наадамд 8
давж, Хурц гарамгай чимэг
1966 оны улсын наадамд
шөвгийн 4-т үлдэж, Улсын арслан цол
1967 оны улсын наадамд 8
давж, чимэг
1968 оны улсын наадамд
түрүүлж, Улсын аварга цол
1969 оны улсын наадамд 7
давсан
1971 оны улсын наадамд
түрүүлж, Дархан аварга цол
1972 оны улсын наадамд
түрүүлж, Далай даян чимэг
1973 оны улсын наадамд
түрүүлж, Баяр наадмын манлай чимэг
1974 оны улсын наадамд
үзүүрлэж, Түмнээс төгөлдөр чимэг
1975 оны улсын наадамд
түрүүлж, чимэг
1977 оны улсын наадамд
түрүүлж, Үлэмж бадрах чимэг
1978 оны улсын наадамд 7
давж, Улс даяар гайхамшигт чимэг
1979 оны улсын наадамд
түрүүлж, Манлайн баясгалант чимэг
1980 оны улсын наадамд 7
давж, Бүхнээс дуурсгалт чимэг
1981 оны улсын наадамд
түрүүлж, чимэг
1982 оны улсын наадамд
түрүүлж, Тод сонин үзэсгэлэнт чимэг
1983 оны улсын наадамд 7
давж, Бат нягт итгэлт чимэг
1984 оны улсын наадамд 6
давж, Өнөд баясгалант чимэг
1985 оны улсын наадамд 7
давж, Манлайн баясгалант чимэг
1987 оны улсын наадамд
түрүүлж, Тунч гарамгай чимэг
1988 оны улсын наадамд 7
давж, Олныг баясгагч чимэг
1989 оны улсын наадамд 7
давж, Бууршгүй хүчит чимэг
1990 оны Монголын нууц
товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж, Үлэмж хэтэрхий чимэг
1991 оны улсын наадамд 7
давж, чимэг
1992 оны улсын наадамд 6
давж, чимэг хүртээжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн цолыг бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө дуудаж, үр хүүхэд, ач зээ, шавь нар нь хүндэтгэл илэрхийлсэн юм.