ОРХОН: Гэмт хэргийн улмаас 1.1 тэрбум төгрөгийн хохирол үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-20 13:54:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Орхон аймагт энэ оны эхний хагас жилд 454 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Нийт бүртгэгдсэн хэргүүдийн 31.9 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 28.6 хувийг залилах, хөрөнгө завших, 21.4 хувийг хулгайлах, 4.8 хувийг дээрэмдэх хэрэг эзэлж байна. 

Мөн өмнөх  оны мөн үеэс хүчин, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон алдуул мал завших, хулгайлах хэргийн тоо нэмэгдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргүүд буурчээ.

Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 161 хүн гэмтэж, иргэн, аж ахуйн нэгжид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1008 жолоочийг илрүүлж, зөрчил гаргасан 845 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасжээ. Өмнөх оны мөн үеэс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 34.0 хувиар, эрх хасалт 48.2 хувиар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ