ОРХОН: Ургийн гажигийг эрт үед нь илрүүлж байна

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-20 14:39:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт хавдрын эрт үеийн илрүүлэг хийдэг 4D эхо аппаратыг 2021 онд орон нутгийн 210 сая төгрөгөөр  худалдан авчээ. Энэхүү аппаратыг Төрөх тасгийн хүлээн авахад байршуулж ургийн хөгжлийг хянах, гажгийг эрт үед нь илрүүлэхэд ашиглаж байна. 

Тус аппарат SAMSUNG брэндийнх бөгөөд 2021 онд үйлдвэрлэгдсэн хүчин чадал, үзүүлэлтийн хувьд хамгийн сүүлийн үеийн загвар юм.  Тус  аппаратын программыг шинэчилснээр хавдрыг эрт үед оношлох бүрэн боломжтой гэж БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал  М.Алтанбек хэллээ.


Сүүлийн үед ургийн гажигтай хүүхдүүд ихээр төрөх болсон нь эрт үед нь буюу хэвлийд бүрэлдэж эхлэхэд нь оношлох боломжгүйгээс үүдэлтэй юм. Тиймээс БОЭТ-ийн эмч нар энэхүү асуудлыг шийдвэрлэхээр аймгийн удирдлагуудад хүсэлт гаргаснаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр уг эхо аппаратыг авч өгчээ.

Мөн Эрүүл мэндийг дэмжих төвд “Mindray” брэндийн эхо аппаратаар эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийж байна. Тус аппаратаар өнгөрсөн таван сараас эхлэн  хэвлий, хөх, бамбайн хэт авиан оношилгоог хийж байна. Хэрэв хэт авиан оношилгоогоор хавдарын үүсгэгч илэрүүлсэн тохиолдолд тухайн өвчтөнийг байнгын хяналтад авч дараагийн шатлалын арга хэмжээ буюу эмчилгээний шатлалд шилжүүлдэг. Тийм учраас аливаа өвчнийг эрт илрүүлэх нь маш чухал.

Орчин цагт бүх эхо аппаратаар хавдрыг эрт үед нь буюу /1см/ байх үед нь оношлох боломжтой гэдгийг эмч нар хэлж байна. Тиймээс ч эрт илрүүлэг, үзлэг оношилгоог орон даяар эхлүүлсэн иргэд үүнд идэвхтэй хамрагдах хэрэгтэйг онцоллоо. БОЭТ-ийн дэргэд Эрүүл мэндийг дэмжих төв ажиллаж байгаа бөгөөд иргэд насандаа таарсан багцын үйлчилгээ авах бүрэн боломжтой юм.

Мөн Өрхийн эрүүл мэндийн найман төвийг 2D, 3D эхо аппаратаар бүрэн хангасан бөгөөд жирэмсний үеийн хяналт хийж байна. 

Холбоотой мэдээ