ДОРНОД: Ирэх оноос ногоочид 10 нэр төрлийн ногоонд урамшуулал авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Ирэх оноос ногоочид 10 нэр төрлийн ногоонд урамшуулал авна. Тухайлбал, ил талбайн сонгино, байцаа, сармис, шар, хүрэн манжин, лууван, хүлэмжний өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо гэсэн нэр төрлийн ногооны борлуулалтын тн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох юм. Урамшуулалд хамрагдахын тулд ногоочид тариалангийн нэгдсэн системд бүртгүүлсэн байх ёстой. Системд бүртгүүлэх ажлыг сумдын ХАА-н мэргэжилтэн зохион байгуулна. Бэлтгэл хангах үүднээс сумдын ХАА-н мэргэжилтнүүдэд танхимын сургалт хийхээр төлөвлөж байна гэж ХААГ-аас мэдээлэв.
Түүнчлэн урамшуулалд хамруулахад ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлсэн байх шаардлага тавина. Зохистой дадал гэдэг нь ургамал хамгааллын бодисыг тун хэмжээний дагуу зөв хэрэглэх нь чухал, тэр хэрээр химийн үлдэгдэлгүй эрүүл ногоог зах зээлд нэвтрүүлснээр хүн амыг эрүүл аюулгүй хүнсний ногоогоор хангах юм.