ХОВД: Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд болж байна

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-26 13:35:03

Ховд /МОНЦАМЭ/. Монголын олон ястан, овог, аймгуудын төлөөлөл болох Урианхай, Тува түмний соёлын өвийг сурталчлах өдрүүд үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нар санаачилж, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа  “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” үйл ажиллагаа энэ сарын 25, 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг, Толбо нуурын хөвөөнд амжилттай өрнөж буй.

Уг үйл ажиллагааны нээлтийн үеэр Урианхай, Тува угсаатны онцлог, түүхэн цаг хугацаа, ёс уламжлалыг харуулсан тоглолт сонирхууллаа.

Одоо уран дарханы хөөрөг тахих зан үйл, тархан суурьшсан Урианхай, Тувачуудын дундах уламжлалт спорт,  хорол, үүшүүр,  шагай гээд тоглоом наадгайн тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, тууль, ерөөл магтаал, хөгжим, хошин яриа (шоо яриа), дууны уралдаан, Урианхай сурын харваа зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна.    

Онцлоход, “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” үйл ажиллагаанд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл гэх мэт олон аймгаас иргэд  өргөнөөр хүрэлцэн ирж, оролцсон бөгөөд ихэнх нь урианхай, тува угсаатны хувцсаа өмссөн байв.   

Мөн нүүдэлчдийн амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж байсан эд зүйл, хувцас, урц, гэр зэргийг нийтэд сонирхуулж, угсаатнуудын язгуур өв соёл, зан заншил, уламжлалыг харж, танин мэдэх боломж бүрдүүлжээ. 

Үүнээс гадна газар ус, тэнгэр шүтэх, овоо тахих, хурим найрын онцгой зан үйл, уламжлалыг харуулахаар төлөвлөсөн аж.

Энэ удаагийн соёлын өвийн өдрүүдэд  Урианхай, Тува түмний соёл, уламжлан тээгч 1000 гаруй бие биелээч, туульч, цуурч, аман билигч, товшуур хөгжимчин,  урт богинын дуучин оролцож,  урлагаар дамжуулан өв соёлоо сурталчилж байгаагаараа онцлогтой. 

 

Холбоотой мэдээ