Хүчтэй аадар борооноор Эмээлт, Дарханы зам эвдрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-07-26 18:58:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр 15.00 цагийн орчим орсон түр зуурын дуу цахилгаантай аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 20 гаруй айлын хашаа усанд автаад байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх түүхий эдийн “Эмээлт захын орчим үер бууж, авто замаар зорчих боломжгүй болжээ.


Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай байдлаар ажиллаж байна. Үерийн усанд 4 том хүн, 3 хүүхэд боогдсоныг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэжээ. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.


Мөн өнөөдөр 14.00-14.30 цагийн  хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд автжээ. Ингэснээр замын хатуу хучилт эвдрээд байна. ЗТХЯ-наас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж эхэллээ. Одоогоор автозамын талбайн эвдрэлийг тогтоож, засварлах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байна.



Ингэхдээ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигчдыг үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд нийслэлд түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байгаа. Тиймээс болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас болгоомжлох зайлшгүй шаардлагатай байна.



Холбоотой мэдээ