Дэлхийд алдартай уулын дугуйчин Гийду Кунзе нийслэлд түр саатлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-08-09 16:47:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-нд Монгол Улсын баруун хязгаарын Боршоо хилийн боомтоос гараагаа эхлүүлэн Монгол орны зүүн хязгаарыг зорьсон ХБНГУ-ын иргэн, дэлхийд алдартай уулын дугуйчин Гийду Кунзе өнөөдөр /2022.08.09/ өглөө Улаанбаатар хотноо ирж Улсын драмын эрдмийн театрын талбайд түр саатан сэтгүүлчид болон дэмжигчидтэй уулзлаа.  


Тэрбээр баруун хязгаараас Увс аймгийн төв Улаангом сум, Архангай аймгийн төв Цэцэрлэгээр дайран эхний өдрүүдэд 600 гаруй км, сүүлийн 2 өдөрт 200 гаруй км засмал замыг туулан өнөөдөр ийнхүү нийслэлд ирсэн юм.


Гийду Кунзе Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ.


Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон түүнийг Улаанбаатар хотноо саатах үеэр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар уулзаж, түүний урт аялалд амжилт хүслээ.


Тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож байгаа бөгөөд төлөвлөгөөт замаа туулахад 48 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм.




Улаанбаатарт түр саатаад байгаа уулын дугуйн алдарт аялагч Гийду Кунзетэй уулзаж цөөн хором ярилцсанаа та бүхэнд толилуулж байна.


-Монгол орны нутгаар аялахад төрсөн анхны сэтгэгдлээ хэлнэ үү?


-Би ийм эелдэг, хүн болгонтой нөхөрсөгөөр харилцдаг, бие биедээ тусладаг хүмүүсийг өмнө нь харж байсангүй. Маш сайхан өндөр сэтгэгдэлтэй байна. Монголчууд үнэхээр найрсаг хүмүүс юм байна. Би олон орноор явсан, миний хувьд улс орон бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ удаагийн аялал маань цөөхөн хүн амтай, өргөн уудам нутагтай улсад их хол замыг богино хугацаанд туулж байгаа гэдгээрээ онцлогтой. Яг одоо маш их ядарч байна. Гар, хөл, мөр, өгзөг өвдөж, цуцаж байна. Гэхдээ энэ бүхэн юу ч биш, 2 өдрийн дараа зорилгоо биелүүлэх л хамгаас чухал.


-Та өнөөдрийг хүртэл төлөвлөгөөт маршрутын дагуу явж зорилтоо биелүүлж чадав уу?


-Төлөвлөгөөний дагуу явлаа. Эхний өдрүүдэд нэлээд шахуу явж 600 км туулан Солонготын давааг давсан. Сүүлийн өдрүүдэд 200 гаруй км явж байлаа. Дан засмал замаар явлаа. Бид энэ аяллыг Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хүртэл дан хатуу хучилттай замаар явж дуусгахаар болсон. Учир нь шороон зам болсноор аяллын хурд өөрчлөгдөх учир цааш үргэлжлүүлэх боломжгүй. Энэхүү хүнд аяллыг зохион байгуулсан Маркус (ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён Маркус Лох /Markus Loch/) бүх зүйлийг нарийн тооцоолж урьдчилсан бэлтгэлийг маш сайн хангасан, өндөр зохион байгуулалттай байсан болохоор энэ урт замыг амжилттай туулж байна. Тийм ч учраас энэ удаагийн амжилтыг эвдэхэд амаргүй хэцүү байх болно гэдэгт би итгэлтэй байна.


-Та Улаанбаатараас хэзээ хөдлөх вэ?


-Одоо жаахан юм идчихээд л замдаа гарлаа.


-Танд амжилт хүсье?


-Баярлалаа.


Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: “Дэлхийд алдартай хүмүүс олон дагагч, шүтэн бишрэгчтэй учраас тэднийг Монгол Улсад аялж, зочлох үеэр дэмжин ажиллах нь зүйтэй. Ингэснээр тэдний сувгаар дамжуулан дэлхий дахинд эх орноо сурталчилж, үзэсгэлэнт байгалиа үзүүлэх боломжтой. Энэ нь цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэсэн юм.


Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч  Маркус Лох уг аяллын үеэр Монгол орны тухай баримтат кино хийж байгаа бөгөөд дуусмагц нь нийслэлийн удирдлагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэж өгнө гэдгийг онцолж байв.


Гиидо Кунзе нь 1967 онд төрсөн бөгөөд 2005 онд автомашины бизнесээ орхин дугуйн экстрим спортоор дэлхийн дээд амжилтыг эвдэхээр шийджээ. Тэрбээр дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байна. Тухайлбал,


-Австралийн баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 4200 км замыг хамгийн богино хугацаанд туулсан.

 

-Дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожо де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт дугуйгаар гарсан.

 

-Альпийн нурууг 100 мянган босоо метрийг 14 хоногийн дотор туулсан.

 

-Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайд явсан зэрэг амжилтын эзэн ажээ.

 


Монгол Улсад хийж буй түүний аяллын маршрут:

 

-Гараа – Боршоо хилийн боомт

 

-Увс аймгийн Улаангом сум

 

-Архангай аймгийн Цэцэрлэг хот

 

-Улаанбаатар хот

 

-Багануур дүүрэг

 

-Бариа-Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот

Холбоотой мэдээ