ДУНДГОВЬ: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд "Тусгай байр" эзлэв

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2022-08-15 09:42:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг 9 дүүрэг оролцсоноос Дундговь аймаг “Тусгай байр”-т шалгарав.


Энэхүү фестивальд тус аймгаас  уртын дууч, Монгол Улсын гавъяат жүжигчин Ж.Дүнжмаа, Монгол Улсын гавъяат жүжигчин, ерөөлч магтаалч Х.Цэрэнчимэд тэргүүтэй 60 гаруй  ардын авьяастан, соёлын биет бус өвийг өвлөн тээгчид, гар урлал, үндэсний үйлдвэрлэгчид болон нутгийн удирдлагууд оролцож,  язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны соёлын өвийг дэлгэн үзүүлж, нутгийн онцлог, ёс заншил, биет бус өвийг түгээн таниуллаа.


Оролцогчид энгийн Монгол уламжлалт айлын өнгө төрхийг шингээх “төв халх” дээл хувцсаар гоёж, жилийн 4 улирлыг харуулсан үзүүлбэрүүд, гүүн зэл, говь нутгийн илэрхийлэл шаргын говийг гэтлэгч хос бөхт тэмээн өв соёлоо уламжлан таниулсан нь нутгийн онцлогийг харуулсан аж.


Дуу хуур, өв соёлын өлгий- Дундговь аймгийн хэмжээнд өнөөдөр 359 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 343 нь “Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д, 16 нь “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл”-д хамаарагддаг байна.