Байгалийн гамшигт үзэгдлийн судалгааг хийхэд НАСА-ийн дэмжлэгийг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-16 06:35:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн удирдлагуудтай энэ сарын 15-нд цахим уулзалт хийв.


Энэ үеэр НАСА-аас Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тогтсон байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Тиймээс энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улс энэ чиглэлийн судалгаа хийхэд НАСА-ийн дэмжлэгийг авах юм.


Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна.


Холбоотой мэдээ